2023 он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 752 зээлдэгчид 79,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэж БХБЯ-наас мэдээллээ.
Сануулахад, энэ жилээс орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн.
Тэгвэл орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монгол банк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлж байна гэсэн мэдээллийг тус яамнаас өглөө.
Төв банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард энэ талаар мэдээлэл өгөхдөө "Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт ороод өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байгаа. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Oron nutag ruu Zaluusaa ajiltai,amidiraltai bolgohin tuld tend ni uildveruudee baiguulah umsan...bugd uyaldaa holbootoi zohion baiguulaarai ee