Дэлхийн банкны зээлээр зам барина, их засвар хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 01

 

Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр  “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэх аж. 

Уг төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөрбетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 15 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замын ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцохдоо энэ төслийн талаар ярилцжээ. Тэрбээр “Дэлхийн банк нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай хөгжлийн олон бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж явдаг. Тэр дундаа зам, тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Энэ удаагийн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг. Хэлэлцээрийг УИХ-аар батлуулахад удаашралтай байгаа ч миний бие төслийг цаг алдалгүй эхлүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлүүлэхэд бололцоотой бүхий л арга хэмжээг авна гэсэн байр суурьтай  байгаа” гэсэн байна. 

Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс төслийг шуурхай хэрэгжүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголттой байх, Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино тул төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилох, дадлагажуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. 

Хоёр тал цаашид хамтран төслийн нэмэлт судалгааны ажил хийх, байршлыг тодорхой болгох, холбоотой заавар, зөвлөмжийг боловсруулахаар тогтжээ.  Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулахад Дэлхийн банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.183.100) 2023 оны 03 сарын 01

hulgai

0  |  0
Top