ТОСК-Шинэ Яармаг төслийн эргэн тойронд юу болов!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Хөгжлийн банктай холбоотой маргаан олны анхаарлыг татаад удаж буй. Мэдээж Хөгжлийн банкны зээлийн олголтууд тун том тоотой. Тиймээс тэдгээр зээлийн санхүүжилт зөв зарцуулагдсан эсэх, яагаад ихэнх нь “Чанаргүй муу” зээлийн ангилалд шилжсэн зэрэг сэдвийг хөндөхгүй байхын аргагүй юм. Хөгжлийн банкны зүгээс олон нийтэд Чанаргүй зээлдэгчдээ албан ёсоор зарласнаас хойш цөөнгүй ААН байгууллагууд зээлээ эргэн төлж барагдуулсныг дурдахгүй өнгөрч бас болохгүй. Дээрх үйл явдлын мөрөөр Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийг Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол явагдсаар байгаа. Энэ сонсголын үеэр Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчдийн нэг болох ТОСК-НЯХП ХХК-ийн төлөөллүүдийн оролцсон хэлэлцүүлгээс сонирхол татсан хэдэн баримтыг энд дэлгэе.


НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН ҮЕЭР ХЭЛСЭН САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Зээл гэдэг нь заавал эргэн төлөх нөхцөлтэй санхүүжилтийг хэлдэг. Түүнчлэн зээл зориулалтын дагуу зарцуулагдах нь чухал. Харин нээлттэй сонсголын үеэр Түр хорооны санхүүгийн шинжээч ТОСК-НЯХП ХХК-д зээлийн олголт хийгдсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд тус компанийн бүх дансны хуулгыг нэхэн шалгасан дүгнэлтээ танилцуулав.

Энэ үеэр НЯХП ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй “Шинэ Яармаг цогцолбор хороолол” төслийнхөө барилгын зураг төсөл, бетон цутгалт, барилгын гүйцэтгэлд санхүүжилтийг зориулалтын дагуу бүрэн зарцуулсан болохыг баримтуудаар нотлосон юм.

Түүнчлэн, уг төсөл дан ганц зээлийн санхүүжилтээр бус төслийн борлуулалтаас олсон орлогоороо одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд “Шинэ Яармаг” төсөл нь анхнаасаа Хөгжлийн банкны зээлээр бус НЯХП ХХК-ийн хувийн хөрөнгөөр эхэлсэн гэдгийг тодотгож зургаар харуулав. Ингээд санхүүгийн шинжээчийн тогтоосон дүгнэлтээс харвал, НЯХП ХХК нь орон сууцны цогцолбор хороолол байгуулах төслийн хүрээнд санхүүжилтийг төсөлдөө бүрэн зарцуулж ажиллажээ. Одоогийн байдлаар 9 блок барилгын 568 айлын орон сууцыг ашиглалтад бүрэн оруулснаар тус төсөл амжилттай үргэлжилж байгаа аж. Тодруулбал зээл ямартай ч зориулалтын дагуу зөв захиран зарцуулагджээ.

 

Хөгжлийн банкнаас зээл авахаас өмнө төслийн гүйцэтгэл ийм байжээ

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТОЙРСОН ҮЙЛ ЯВДАЛ


Цаг хугацааны хувьд ухраан харвал НЯХП ХХК-ийн Хөгжлийн банктай холбогдсон түүх дараах гэрээнээс эхлэлтэй.

Монгол Улсын Хөгжлийн банк/МУХБ/ болон Төрийн Орон сууцны корпораци /ТОСК/ нарын хооронд 2015 оны 05-р сарын 28-ны өдөр байгуулагдсан З-ОС-Б2015-33 дугаартай зээлийн гэрээний дагуу “ТОСК”-д нийт 50,000,000 (тавин сая) хүртэлх ам.долларын зээлийг  “Шинэ Яармаг” орон сууцны хорооллыг барих төсөлд зориулан олгосон байна. Ингэхдээ 2015 оны 06-р сарын 09-ны өдөр Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулж, 2015 оны 06-р сарын 10-ны өдөр 25,000,000 (хорин таван сая) ам.долларыг НЯХП ХХК-ын Голомт банкны дансанд, 2015 оны 06-р сарын 12-ны өдөр Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулж, 2015 оны 06-р сарын 16-ны өдөр 24,850,000 (хорин дөрвөн сая найман зуун тавь) ам.долларыг Худалдаа Хөгжлийн банк /ХХБ/-ны дансанд зарлагын гүйлгээ гаргахгүй, 6 сарын хугацаатай битүүмжлэн байршуулжээ. Яг энэ үйл явдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл сунжирсан ээдрээт маргаан мөн эхэлжээ. Энэ маргааны тухай мэдээллийг тодруулсан сэтгүүлч М.Батбилэгийн бэлтгэсэн “No Comment” нэвтрүүлгийн бичлэгээс үзэж болно.

 

 

Тодруулбал, ганц ч доллар хөдөлгөх эрхгүй битүүмжтэй дансанд байршуулсан мөнгийг зээл гэхэд тун хэцүү. Ялангуяа “Шинэ Яармаг” шиг томоохон орон сууцны цогцолбор хороолол барихаар зориг шулуудан ажлаа эхлүүлчихсэн компанийн хувьд цаг, минут тутам санхүүжилт үгүйлэгдэх нь ойлгомжтой. Тиймээс НЯХП ХХК-ийн удирдлагууд уг битүүмжтэй дансыг барьцаалан нэр бүхий Арилжааны банкуудаас бизнесийн зээл авч төслийн санхүүжилтэд ашигласан ба энэ зээл одоо ч хэвийн төлөлттэй үргэлжилж байгааг НЯХП ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Ууганбаяр сонсголын үеэр тайлбарлав.

Хэсэг хугацааны дараа Хөгжлийн банк битүүмжтэй дансанд байршуулсан мөнгөний тодорхой хувиа эргүүлэн татсанаар тус битүүмж дансны үлдэгдэл мөнгө буюу дээр дурьдсан Арилжааны банкинд барьцаалсан мөнгөн дүнг НЯХП ХХК төлөх үүрэг хүлээх болсон байна. Ингээд Анхан, Дунд, Дээд шатны тус тус шүүхээр явсан маргаан удалгүй нэг талд гарч НЯХП ХХК нь тус шүүхийн шийдвэрт зааснаар өөрийн төлөх 61 тэрбум төгрөг, болон ТОСК-ын хариуцан төлөх 24,7 тэрбум төгрөг гээд нийт 86 тэрбум төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулж дууссан байна. Үүнд:
 

  • 1,879,647,269.38 төгрөгийг бэлэн төлөлтөөр;
  • 84,336,699,519.62 төгрөгийг нийт 76 ширхэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус төлж барагдуулж дууссан бөгөөд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн дуусгавар болжээ.

 

Ингэснээр анх Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний заалтны дагуу 2024 онд эргэн төлөлт хийх байсан ч НЯХП ХХК нь 2022 оны 12-р сарын 31-ний өдөр тус зээлийн өрийг бүрэн төлж барагдуулсныг ЦОХОН ХЭЛЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ. Энэ үйл явдлыг ажиглахад хууль ёсоор 2024 оноос эргэн төлөлт хийх байсан ААН-ын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж хэрхэн шахсаныг иргэд бид төдийлөн анзаараагүй өнгөрөөжээ.

ЕР НЬ “ШИНЭ ЯАРМАГ” ТӨСЛИЙН НИЙТ САНХҮҮЖИЛТ ХЭД ВЭ?
 

НЯХП ХХК-ийн санаачилгаар Хан-Уул дүүргийн 8-р хороонд хэрэгжиж буй “Шинэ Яармаг” төсөл нь бүрэн гүйцэтгэл дууссаны дараа эмнэлэг, соёл урлагийн төв, сургууль, цэцэрлэг зэрэг байгууламжийг багтаасан орон сууцны цогцолбор хороолол болох учиртай аж. Тус төслийн Лот-1 хэсэг нь нийт 20 блок барилга 1500 айлын орон сууц, 664ш дулаан автозогсоол, 6197м2 бүхий үйлчилгээний талбай байхаар төлөвлөгдсөн ба хамгийн сүүлийн байдлаар 225 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдээд явж байгааг сонсголд танилцуулсан баримтаас харж болохоор байна. Дээрх хөрөнгө оруулалтын задаргааг мөн нягтлавал Хөгжлийн банктай холбоотой зээлийн санхүүжилт нь төслийн нийт хөрөнгө оруулалтын ердөө 20 орчим хувьтай тэнцэж байв.

 

 

/Сонсголын үеэр танилцуулагдсан хөрөнгө оруулалтын задаргаа/

 

Хөгжлийн банк нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн нүүдэл болох учиртай дөнгүүр төслүүдийг санхүүжүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан. Энэ ч утгаараа улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах боломжтой төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах үүрэг хүлээснээр одоогийн зээлдэгчдэд зээл олгожээ. Харин зээл бүхэн оновчтой байсан эсэхийг цаг хугацаа, тухайн зээлдэгчдийн хэрэгжүүлсэн төслүүд өөрсдийн үнэ цэнээрээ батлан харуулах биз ээ.

Харин та бид асуудлыг нийтэд нь хавтгайлж харахаас урьтан дээрх жишгээр Хөгжлийн банкны зээлдэгч бүрийг он цагийн дарааллаар өрнөсөн үйл явдлуудыг ялган харах хэрэгтэй. Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон “Шинэ Яармаг” төслийн үйл явдал ийн өрнөжээ. Тэд зээлээ бүрэн барагдуулахын зэрэгцээ төслөө ч амжилттай үргэлжлүүлсээр байна.

Эцэст нь, энэ мэт байдлаар улс төрийн шахаа, цаг үеийн хүнд нөхцлүүдэд анхны зорилгоосоо ухралгүй, зээлээ зориулалтын дагуу зарцуулсан аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож хаах бус харин ч эхлүүлсэн төслөө амжилттай бүрэн дуусгахад нь тус дэм болцгооё.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(51.158.76.118) 2023 оны 03 сарын 02

Хөгжлийн банк өндөр үнээр борлуулж буй орон сууцны хороололд зээл өгөх нь зөв үү?

0  |  0
Зочин(66.181.161.197) 2023 оны 03 сарын 02

Зөвхөн энэ байгууллага буюу Тоск л Хөгжлийн банкны найдваргүй зээлийн 30 хувийг бүрдүүлж буй. Тоск бол шахааны газар. Энэ байгууллагыг татан буулгая.

0  |  0
Miigaa(66.181.161.63) 2023 оны 03 сарын 02

Unenshdee hiij baigaagaa l adlaad hiihgui agaar yrisan beren erel met n zugeer amidraad yvj bdg tentsvergui horvoo yumdaa

1  |  0
Top