Хилийн хоригт 32 хүнийг оруулсан Хөгжлийн банкны шүүх хурал 

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 04

Дуулиант хэргийн шүүх хурал пүрэв гаригт /2023.03.02/ болох байв. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-ны өдөр үргэлжилж, гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан. Тэгвэл товлолт хугацаа энэ өдөр болж, шүүх хурал хаалттай эхлэхээр болсон юм. Гэвч шүүх хуралдаанд оролцогчдын өмгөөлөгчид хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авлаа. 

Улмаар шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлуулав. Прокуророос 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцсон юм. Ийм олон оролцогчтой шүүх хурал урьд өмнө нь болж байгаагүй. Хөгжлийн банкны өчигдрийн шүүх хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээлттэй явуулах хүсэлт гаргасан юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь буруу. Нээлттэй хийж өгөх хүсэлт албан бичгээ өгсөн. Нээлттэй явуулъя гэсэн хүмүүсээ нээлттэй явуулах хэрэгтэй. Миний хувьд Ерөнхий сайд байсан хүний хувьд Засгийн газрын гаргасан бодлогын шийдвэр гэж юу болох талаар бүгдийг нь нотолгоотой бүх юмтай нь тайлбарламаар байна. Надтай холбоотой хэргээ Хөгжлийн банкнаас тусад нь явуулах хэрэгтэй. Миний ярих юм эд нарынхтай огт таарахгүй. Би Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг дэмжих тогтоол болон Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих тогтоолын тухай ярина. Тиймээс энэ бол хоёр өөр асуудал юм. Ер нь цаашдаа МУ-ын Засгийн газрын гаргасан шийдвэрийг нэг хэсгийг нь аваад шүүх дээр ярих нь зөв үү буруу юу гэдэг дээр эргэлзэж байна. Гэхдээ хамгийн гол ил тод явуул. Энэ асуудал сар гаруй хугацаанд хойшиллоо. Улс төрч хүний хувьд бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал жил орчим яригдаж байна. Энэ тухай бас хаалттай явагдсан. Тиймээс заавал ил тод нээлттэй явуулах ёстой. Энэ Монгол Улсын цаашдын үйл ажиллагаанд хэрэг болно. Мөн олон талын сургамж ч гарч ирнэ. Ер нь хаалттай юм бүхэн ялзарсан муудсан байдаг” гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Н.Алтанхуягийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр ЗГХЭГ-ын сайд асан Сайханбилэгийг гэрчээр оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэг гадагшаа явсан гэрчээр татан оролцуулах боломжгүй гэдгийг шүүгчдийн зүгээс хэлэв.

 

Шүүх хурлыг яагаад хойшлуулав

 

Хаалттай горимоор явуулахаар шийдсэн шүүх хуралдаан хойшлох шийдвэрт хүрсэн юм. Юуны учир хойшилсон учир шалтгааныг лавлахад “Яллагдагчдын гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах найман хүсэлт ирсэн” гэв. Тодруулбал,

Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад айлчлалтай, Ч.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, О.Хуягцогт нарын өмгөөлөгч шүүх хурал давхардсан, О.Батбаатарын өмгөөлөгч хичээлтэй, Б.Чинзориг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа, Б.Будхүү шинэ өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийнх нь бие өвдсөн гэх шалтгаанаар тус тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Эдгээрээс Х.Ганхуяг болон Н.Баярчимэг нарыг шүүх хуралд зайлшгүй оролцох ёстой гэх шалтгаанаар эл хуралдааныг хойшлуулсан байна.

Мөн шүүгч О.Батбаатарын өмгөөлөгчийн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг бодолцохыг зөвлөв. Шүүх хуралдааны төгсгөлд 32 хүнийг дараагийн шүүх хурал хүртэл хилээр гарахыг нь хориглолоо.

Үүнд, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Б.Найдалаа нар багтсан байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top