Монгол Улс, АНУ-ын хоорондын стратегийн яриа хэлэлцээг энэ онд Вашингтон хотноо хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын Эдийн засгийн бодлогын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдлийг хүргэж байна. 

Монгол Улс болон АНУ-ын хоорондын Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх зорилгоор Монгол, Америкийн төлөөлөгчид Эдийн засгийн бодлогын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Вашингтон хотноо хийв. Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судлан, өндөр ач холбодол бүхий эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг голлох салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн харилцааны асуудал хариуцсан Туслах Төрийн Нарийн бичгийн даргын орлогч У.Бэйрд нар зөвлөлдөх уулзалтыг хамтран даргалав. Америкийн талаас зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн департамент, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорац, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац, Экс-Им банк, Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Холбооны нисэхийн захиргаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов. Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Олон улсын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, түүний дотор нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг даван туулахад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд олон улсын хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэйг Монгол Улс, АНУ харилцан нотлов.

Монгол Улс болон АНУ-ын хоорондын Стратегийн түншлэлийг бүхий л талаар бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг хамтын ашиг сонирхолд нийцүүлэн гүнзгийрүүлж, чадавхыг бэхжүүлэх, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг өнөөгийн болон шинэ механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа талууд харилцан нотлов. Монгол Улсын бизнесийн орчныг бэхжүүлэх, тухайлбал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглэв. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэлэлцээг амжилттай дуусгасныг нотолж 2023 оны 1 дүгээр сарын 24-ний  өдөр Санамж бичигт гарын үсэг зурсанд талууд сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, энэ нь Монгол Улс, АНУ-ын хооронд байнгын шууд нислэг хийх, улмаар эдийн засгийн болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв

Талууд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг ахиулах, төрөлжүүлэх, бие даасан байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний аюулгүй байдал, өндөр ач холбодол бүхий эрдэс баялаг, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх болон цахим эдийн засгийн асуудлыг онцлов. Хоёр тал хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн төсөл, хөтөлбөр, түүний дотор 2021 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.доллар хүртэлх санхүүжилт бүхий Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэв. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрчим хүчний засаглалын хөтөлбөр” нь эрчим хүчний салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахад түлхэц болно гэдгийг харилцан тэмдэглэв.

Цаг уурын хүнд нөхцөлд өвөлжилтийг даван туулахад зориулан АНУ-ын зүгээс малчдад буцалтгүй тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Монгол, Америкийн харилцаа нь ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласныг онцолж, эрх зүйт ёс, засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, суурь эрх, эрх чөлөө, үүнд цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг дээдлэх талаар талууд санал солилцож, бат бөх ардчилал болон хүчтэй эдийн засаг нь мөр зэрэгцэн оршдог болохыг тэмдэглэв.

Дэд бүтэц, өндөр ач холбодол бүхий ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах, технологийн зэрэг салбарт түншлэх замаар харилцан уялдаатай цэцэглэн хөгжсөн, аюулгүй, тогтвортой, чөлөөт, нээлттэй бүс нутгийг дэмжих Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн санаачилгын талаар америкийн тал мэдээлэл өгөв. Талууд бүс нутгийн болон бусад санаа нэгт түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн 2018 оны замын зураглалын хэрэгжилтийг хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэн, тус баримт бичигт хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг тусган шинэчлэхээр тогтов.

Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top