“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 100 хувийн саналаар гаргажээ. ТУЗ хуралдаж, уг шийдвэрийг гаргах болсон нь компанийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн арга хэмжээ аж.
Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хоёр сар гаруйн хугацаанд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төлбөр тооцоонд үүссэн алдаа, түүнээс үүсч болох цаашдын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг тус хурлаар яаралтай хэлэлцжээ.
Түүнчлэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд төлбөр тооцоонд алдаа үүсээд байхад гүйцэтгэх удирдлага Ш.Лхагва нь шуурхай удирдлагаар хангаж ажиллах, үүргээ биелүүлээгүй учраас түүнд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлжээ.
Харин Ш.Лхагвын хувьд ТУЗ-ийн шийдвэрийг үл зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Тэрбээр ТУЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэж буй үндэслэлээ тайлбарлахдаа, өөрийгөө менежментийн ур чадвартай гэсэн агуулга бүхий байр суурь илэрхийлээд буй. Тухайлбал, Компанийн дүрмийн 8.7.1-д "Менежментийн ур чадвартай, энэ чиглэлийн боловсрол, дадлага туршлага, удирдах ажлыг хоёроос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлага туршлагатай, удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, дээд боловсролтой байх, СЗХ-ны тохиромжтой этгээдийн зөвшөөрөлтэй хүн байгууллагыг удирдана" хэмээн заасан байдаг гэж хэлж яриад буй юм.
Гэтэл түүнд хариуцлага тооцсон ТУЗ-ийн албан ёсны мэдээллээс үзэхэд, Ш.Лхагва нь дээрх шаардлагыг хангахгүй түвшинд ажиллажээ гэж үзэж болохоор байна.
Нийт ажилчдын дунд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, Ш.Лхагва нь ажилдаа ирдэггүй, идэвх санаачлагагүй, хариуцсан ажилдаа хайнга ханддаг талаар гомдол, саналууд иржээ. Компанийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг нь гүйцэтгэх удирдлагаас оновчтой менежмент шаардсаар байхад Ш.Лхагва нь хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандаж буй нь тогтоогдсон учраас түүнийг чөлөөлжээ.
Ер нь бол засгийн хувьд төр хамгийн муу менежер гэх тогтсон ойлголтыг өөрчлөхийн тулд хариуцлагагүй албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцдог, чаддагт нь хариуцлага хүлээлгэдэг, гол нь бодит үр дүн гаргуулдаг байх хэрэгтэй. Энэ ч үүднээсээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэр зөв юм.
Сэтгэгдэл ( 0 )