ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилт, ногоон бондын ач холбогдол, тэдгээрийн зохицуулалтын орчны талаар мэдээлэл өгөх, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцох зорилготой “Санхүүжилт татах боломж – Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд дотоодын 4 аж ахуйн нэгж IPO хийх замаар нийт 157 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, 1 компани 20 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргаж, биржийн бус зах зээл дээр 72 аж ахуйн нэгжээс 91 компанийн бонд гаргаж, нийт 996 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.
“Санхүүжилт татах боломж-Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтаар ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилт, ногоон бондын ач холбогдол, тэдгээрийн зохицуулалтын орчны талаар мэдээлэл өгөх, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мөн ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж зэрэг асуудлыг хөндөв.
Аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар энэ үеэр СЗХ-ноос танилцуулсан бол Олон Улсын Санхүүгийн Корпораци тогтвортой санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Уур амьсгалын сэдэвтэй өрийн хэрэгслүүдийн талаарх ОУСК-ын танилцуулга ногоон бонд болон түүний ач холбогдлын талаарх тодорхой ойлголтуудыг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд өгсөн бол энэ талаарх зохицуулалт ямар байгаа талаар СЗХ танилцууллаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "ТОП-100 ААН-үүдэд хөрөнгийн зах зээлд бонд гаргах эрхийг барьцаа шаардахгүйгээр олгодог болох саналыг бид тавьж байгаа. Тэргүүлэх компаниуд өөрийн нэр хүндээр хувьцаа гаргаж, бонд босгодог болж хувирвал хөрөнгийн зах зээл хөгжих том алхам болно гэж үзэж байна. ААН-үүд өнөөдөр хөрөнгө оруулалт, хэрэгцээт нэмэлт санхүүжилтээ банкны зээл, эсвэл өөрсдийн хуримтлагдсан ашгаар л хийж байна. Гэтэл цаана нь хөрөнгийн зах зээлд гарч санхүүжилт татах гарц бүхий боломж бололцоо байсаар байна” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Дотоодын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Энэ дагуу шилдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулахад чиглэлсэн богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )