Энэ оны хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 сая ам.доллар буюу 8.2 хувиар өссөн бол импорт 177.8 сая ам.доллар буюу 25.8 хувиар буурсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хоёр сард 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллар буюу 7.3 дахин өсжээ.
Хоёрдугаар сарын тухайд авч үзэхэд, 655.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор өссөн байна.
БНХАУ-тай энэ оны эхний хоёр сард 2.5 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 71.4 хувийг эзэлж байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.1 хувийг чулуун нүүрс, 18.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлж байна.
Экспорт оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 955.0 сая ам.доллароор, цайрын хүдэр, баяжмал 42.2 сая ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллароор, жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 2023 оны хоёрдугаар сард өмнөх сараас тонн тутамд 86.1 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 3.8 ам.доллароор тус тус өсжээ. Харин алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 2.0 мянган ам.доллароор буурчээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ хоёрдугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сараас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор өсжээ.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БОЛОН ҮНИЙН ДҮН, сараар
Сэтгэгдэл ( 0 )