Улсын байцаагчидтай холбоотой санал, гомдол гаргажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг хот хооронд нийтийн тээврийн 59 аж ахуйн нэгж байгууллага 49 чиглэлд бүртгэлтэй 708 автобусаар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр тээвэр эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр салбарын сайд С.Бямбацогттой уулзаж, хот хоорондын нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцжээ.

Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа дээрх аж ахуйн нэгж байгууллага жолооч нарын зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулж байсан асуудлуудаас дурдвал:

- Хот хоорондын нийтийн тээврийн шинэ авто вокзал, терминал байгуулах, одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто вокзалыг сайжруулах,

- Дээрх чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний тогтвортой байдлыг хангах, - Хот хоорондын нийтийнх тээврийн парк шинэчлэлд төрөөс дэмжлэг үзүүлэх, - Суудал ашиглалт, нөхөн олговор

- Тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, насжилт

- Зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлдэг асуудлыг журмаар зохицуулах,

- Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох

- Хулгайн тээврийн асуудлаас гадна Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа, улсын байцаагчидтай холбоотой санал гомдлуудыг түлхүү хэлж байлаа.

Түүнээс гадна авто замын даац хэтрүүлснээс үүдэж, зарим аймгийн буюу Дундговь, Дорнод аймгийн чиглэлийн замуудад үүссэн эвдрэл осол аваар гарах үндсэн шалтгаан болж байгааг мөн учирлаж байсан юм. Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тус уулзалтын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зам тээврийн салбарт тэр дундаа нийгмийн захиалгат үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын нийтийн тээврийн салбарт сүүлийн 30 жилд дорвитой шинэчлэл хийгдээгүйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд, өнөөдрөөс 2023 оны тавдугаарын сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх асуудлуудыг шийдвэрлэх, бодит үр дүн гаргаж ажиллах хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Түүнчлэн зам тээврийн салбарын бүх шатанд иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа төрийн албан хаагчийн хүнд суртал, ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг чангатгаж, иргэдийн оролцоотой автозамын салбарын зарим үйл ажиллагаанд хамтран хяналт тавьж, ажлын үр дүн шаардаж ажиллана гэдгийг онцлов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.41.3) 2023 оны 03 сарын 15

улсын хот аймгийн хооронд явдаг жолооч нар арайл их шуналтай жижиг хэмжээний / паспортын хэмжээтэй /бичиг баримт дайхад 10000 авч байдаг ачаа дайлтыг улсын хяналтанд эсвэл хуваарь гаргаж тусгай ачааны машин гаргаж зохицуулж болохгүй юу бодож үзээрэй

1  |  0
Top