Эрчүүдийн бусдаас нуудаг 10 ҮНЭН БАРИМТ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 18

Статистик эрчүүдийн тухай олон сонирхолтой баримтуудыг дэлгэдэг. Эмэгтэйчүүд эрчүүдээс удаан амьдардаг ч эрчүүд амьдралынхаа нэг жилийг эмэгтэйчүүдэд нүдээ хужирлаж өнгөрөөдөг бол эмэгтэйчүүдийг бодвол хоёр дахин худал ярьдаг байна. Эрчүүдийн тухай 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. Эрчүүд том хэмжээний гамшиг зүүдэлдэг

Үхэл, эрүүл мэндтэй холбоотой асуудал, аюул осол зэрэг нь хүн төрөлхтний хар дарсан зүүдний ерөнхий сэдэв байдаг. Монреалийн их сургуулийн судлаачид 10 мянга гаруй зүүдийг судалсны дүнд эрчүүд хар дарсан зүүдэндээ том хэмжээний гамшиг, үер, газар хөдлөлт, дайн зүүдэлдэг болохыг тогтоожээ. Харин эмэгтэйчүүд хар дарсан зүүдэндээ хүн хоорондын маргаан зүүдлэх нь элбэг аж.

2. Унасан зүйлийг авахдаа эрчүүд тонгойдог

Унасан зүйлийг газраас авахдаа эрчүүд тонгойж харин эмэгтэйчүүд хагас сууж авдгийг анзаарсан уу? Учир нь эмэгтэйчүүд голдуу богино эсвэл бариу зэрэг биед эвтэйхэн бус хувцас өмсдөг бол эрчүүд илүү чөлөөтэй хувцас өмсдөгтэй холбоотой.

3. Эрчүүдэд эрүүл жинтэй эмэгтэйчүүд таалагддаг

Испанийн Гранада их сургуулийн эрдэмтэн эрчүүд гоолиг, эрүүл харагддаг эмэгтэйчүүдийг илүүд үздэг болохыг судалгаагаар тогтоожээ. Эрүүл харагдана гэдэг нь ханиад эсвэл халуураагүй гэсэн утгаар бус харин эрүүл жинтэй эмэгтэйчүүдийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчүүд өд шиг хөнгөн загвар өмсөгч шиг бие галбиртай эмэгтэйчүүдэд бус жин, өндөр нь таарсан бүсгүйчүүдэд татагддаг байна.

4. Эрчүүд эрчүүдээсээ магтаалын үг сонсох дуртай

Эрчүүд эсрэг хүйстнээсээ магтаалын үг сонсох дуртай гэж хүн бүр боддог. Гэтэл тэд эрчүүдээсээ магтаалын үг сонсох дуртай гэнэ. Энд тэдний бэлгийн чиг хандлага огт хамаагүй. Бингемтоны их сургуулийн судлаач Роберт Хербет эрчүүд эрчүүдээсээ магтаалын үг сонсохдоо өөртөө итгэх итгэл, үнэлгээ нь өсдөг болохыг судалгаагаар тогтоосон байна.

5. Эрчүүдийг сонирхол нь нэгтгэдэг

Эрчүүдийн нөхөрлөл нэгдмэл сонирхол дээр үндэслэдэг болохыг мөн л судалгаагаар тогтоосон байна. Тэд найзуудтайгаа хамт хөлбөмбөг, гольф, теннис, покер тоглох эсвэл хайртай багийнхаа тэмцээнийг хамт үзэх дуртай.

6. Эрчүүд эмэгтэйчүүдийн дэргэд 2 дахин их иддэг

Эрчүүд эмэгтэйчүүдтэй хамт зоог барихдаа хоёр дахин илүү иддэг байна. Зөвхөн эрчүүдээрээ бол тэд пицца эсвэл салат бараг идэхгүй. Корнелийн их сургуулийн доктор Кевин Книфиний үзэж буйгаар, эрчүүд их идсэнээрээ өөрийгөө илүү эрүүл чийрэг гэж онгирдог байна.

7. Эрчүүд нас ахих тусам илүү чөлөөтэй хувцас өмсдөг

Бид юу өмсөж байгаа нь сэтгэл санаатай шууд холбоотой. Мөн биднийг бусад хүмүүс яаж хүлээж авч байгаа нь нөлөөлдөг. Тиймээс эрчүүд ажил хэргийн уулзалтад костюм өмссөн байвал илүү итгэлтэй байдаг аж. Гэхдээ нас ахихын хэрээр эрчүүдийн хувцасны сонголт өөрчлөгддөг байна. Залуучууд бариу өмд өмсөхийг илүүд үздэг бол нас ахихын хэрээр илүү биед эвтэйхэн хувцас сонгодог гэнэ.

8. Эрчүүдийн амьдралын хэв маяг тэдний IQ-аас шалтгаалдаг

Каролины их сургуулийн эрдэмтэд IQ түвшин эрчүүдийн амьдралын хэв маягт нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тэд судалгаандаа 50 мянган эрэгтэйг оролцуулсан байна. IQ түвшин нь доогуур эрчүүд согтууруулах ундаа илүү хэрэглэдэг байна. Эрчүүд сэтгэлээр унахдаа мөн ийм төрлийн ундаа хэрэглэх нь элбэг аж. Харин IQ түвшин өндөр эрчүүд илүү эрүүл амьдралын хэв маягтай байдаг болохыг тогтоожээ.

9. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хоёр дахин илүү худал ярьдаг

Статистикийн дундаж эрэгтэй хүн өдөрт хамтран ажиллагсад, удирдлагадаа зургаан удаа худал хэлдэг байна. Харин эмэгтэйчүүд гурван удаа худал хэлдэг. Үүнийг “20th Century Fox Home Entertainment” компани “Намайг хуур” цуврал дэлгэцнээ гаргахаас өмнө явуулсан судалгаагаар тогтоожээ. Тэдний хэлэх дуртай худал үг нь “Айх зүйлгүй, би зүгээр”.

10. Эрчүүд амьдралынхаа нэг жилийг эмэгтэйчүүдэд нүдээ хужирлахад зориулдаг

Эрэгтэй хүн дунджаар 10 өөр эмэгтэйг өдөрт сонирхон аждаг байна. Үүнд тэд 43 минут зарцуулдаг. Өөрөөр хэлбэл жил бүр эмэгтэйчүүдэд нүдээ хужирлахад 259 цаг зориулдаг. 18-50 насны хооронд эрчүүд бүсгүйчүүдийг шохоорхон харахад 11 сар 11 хоног зарцуулдаг. Харин эмэгтэйчүүд эрчүүдийг ажихад өдөрт 20 минут л зориулдаг. Тэд 18-50 насны хооронд үүнд хагас жилээ зарцуулдаг байна. Үүнийг “Kodak Lens Vision Centers” компанийн явуулсан судалгаагаар тогтоосон байна. Супермаркет, паб, шөнийн цэнгээний газар нь эсрэг хүйстнээ шохоорхон ажих хамгийн тохиромжтой газар гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top