Гаалийн төв лабораторийн шинжилгээ БНХАУ-д бүрэн зөвшөөрөгдөнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

 

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-ийн гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS -аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэл авжээ.

Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллага дээр хэрэгжсэн “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд ийнхүү итгэмжлэгдсэн байна.

Уг итгэмжлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарлажээ. Албан ёсны итгэмжлэлийг өнөөдөр буюу 3 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдэгийг албан ёсоор гардуулан өгчээ.

Үүний үр дүнд Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хүлээн зөвшөөрөх төдийгүй,  уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож буй ААН-дэд гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг бизнесийн нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top