Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Түр хорооноос ирэх сард "Нүүрсний хэрэг"-ээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар бэлтгэж байна.
Тодруулбал, ирэх сарын 10-12-нд нээлттэй сонсгол хийнэ. Тус сонсгол нь "Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсгол"-той харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд зохион байгуулах бүрэн бололцоотой гэж Хянан, шалгах түр хорооны дарга Г.Ганболд мэдээлэв. Тэрбээр “Нээлттэй сонсголыг гурван өдөр зохион байгуулах бөгөөд урьдчилан төлөвлөснөөр 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж тайлбар авна. Ингэхдээ нийгмийн анхаарлыг татаад буй оффтейк гэрээ, түүнээс шалтгаалан улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдэг асуудлыг эхний өдөр хэлэлцэнэ.
Сонсголын хоёр дахь өдөр ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсан бэ гэдгийг нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан хэлэлцүүлнэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний нүүрс хилээр гарсан, түүнээс хэдэн автомашин хоосон гарсан болохыг тодруулна. Хоосон гарсан гэх автомашины жолооч болон тухайн өдөр ажилласан гаалийн байцаагчдыг дуудаж гэрчийн тайлбар мэдүүлэг авна. Мөн гаалийн зарим талбайд нүүрс дутсан, илүү гарсан гэх асуудлыг тодруулна, асууна. Нүүрсний хулгайн схемийг яаж гаргасан, түүнд нь ямар шатны албан тушаалтнууд оролцсон юм бэ гэдгийг тодорхой болгохоор зорьж байна. Түүнчлэн төмөр замын тээвэр дээрх авлига, хээл хахуулийн схем хэрхэн явагдсаныг тодруулж, төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна. Хянан шалгах хорооноос өмнө нь дээрх асуудлаар асууж тайлбар авсан. Уг тайлбарт үндэслэсэн асуудлыг сонсголын үеэр асуухаар төлөвлөсөн. Энэ байдлаар сонсголыг зохион байгуулна” гэв.
Нүүрс, төмөр зам, тээврийн асуудлаарх дээрх нээлттэй сонсголд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс болон одоо ажиллаж буй хүмүүсийг гэрчээр дуудна.Тухайн үед салбар хариуцаж байсан сайд нар, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг гэрчээр дуудна. Түүнчлэн Гаалийн байгууллагын үе, үеийн удирдлагууд, шийдвэр гаргах түвшинд оролцсон, гэрээ хийхэд гарын үсэг зурсан хүмүүсийг дуудахаар төлөвлөжээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
баянтээгийн нүүрсний уурхайг цөлөмчихсөн хар хулгарч шүүдээ!!!!
өвөрхангайн нүүрсчин хар чадах уу? энэ их хуралд энэнээс дээр юм байдаггүй юмуу? сонёголорс юм горьдоод хэрэггүй юм байна