Хатуу бодлогын нөлөөгөөр 2022 оны сүүлээр зээлийн өсөлт саарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын шийдвэрээ гаргасан. Тодруулбал,  Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах;  Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох;  Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан юм.

2020 оноос хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд эдийн засгийн өсөлтийг сэргээхэд чухал хүчин зүйл боллоо гэсэн байр суурийг Монголбанкны ерөнхийлөгч илэрхийлсэн.  Хэдийгээр хүндрэл бүрэн арилаагүй, инфляц огцом өсөж, түүнийг даган дэлхийн санхүүгийн зах зээл дээрх суурь хүү огцом өссөн боловч мөнгөний бодлогын төлөвийг аажим чангаруулж ирсэн нь эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг боллоо гэсэн юм. Мөн “Эдийн засгийн олон үзүүлэлт цар тахлын өмнөх түвшнээс давж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засаг 4.5 хувьд хүрч сэргэхэд хэрэглээ, хөрөнгө оруулалт тэлж худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрчимжсэн нь голлох нөлөөтэй байлаа. 2022 оны сүүлийн хагаст уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэж, өсөлтөд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн хэдий ч уул уурхайн салбар агшилттай хэвээр байна. Эдийн засаг ийнхүү сэргэж, ААН-үүд цар тахал, тээвэр, логистикийн доголдолтой орчинд үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа нь хөдөлмөрийн захад эергээр нөлөөлж байна. Хөдөлмөрийн захад гарч буй эдгээр эерэг өөрчлөлт нь орлогоор дамжин эдийн засгийн өсөлтийг мөн тэтгэж байна. Зээлийн хүү 2022 онд дунджаар 14.8 хувь буюу өмнөх оны түвшинтэй ойролцоо байсан бол зээлийн жилийн өсөлт дунджаар 19.2 хувь байсан нь 2021 оны 9.7 хувийн өсөлттэй харьцуулахад 2 дахин эрчимжсэн үзүүлэлт юм. Мөнгөний бодлогын төлөв ийнхүү хатуурсан нь  2022 оны сүүлийн улирлаас эхлэн банкны үзүүлэлтүүдэд ажиглагдаж, зээлийн өсөлтийг сааруулж, зээлийн хүүг нэмэгдүүлж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top