2023 оны улс төр, эдийн засаг зөнч, одон орон судлаачдын тольдсоноор....

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Францын одон оронч, зурхайч Мишель Нострадамус 1555 онд бичсэн “Les Prophéties” номдоо ирээдүйд болох 942 үйл явдлыг урьдчилан зөгнөсөн байдаг аж. Тэдгээр зөгнөл дотор Францын хувьсгал, Лондонгийн гал түймэр, Гитлерийн өдөөсөн дайн, Ж.Ф.Кеннедийн аллага болон есдүгээр сарын 11-ний террорист халдлага багтдаг. Уг номд Нострадамус зөгнөлөө дөрвөн мөртөөр шүлэглэн бичсэн бөгөөд тухайлсан хугацаа байхгүй боловч он цагийн дараалал болон бусад логик гаргалгаагаар 2023 онд тохиолдож болзошгүй зарим үйл явдлыг тайлж, Британийн “The Mirror” сэтгүүлд тоймлон хэвлэснийг Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид бэлтгэснийг хүргэе.


Дэлхийн дайн. Нострадамус номдоо “Seven months great war, people dead through evil. Rouen, Evreux shall not fall to the King” буюу “Долоон сар дэлхийн дайн үргэлжилж, чөтгөрийн хүч хүмүүсийг ална. Роб болон Евгу хааны өмнө өвдөг сөхрөхгүй” хэмээсэн нь Орос-Украины дайн өргөжин, дэлхийн хэмжээний мөргөлдөөн болох, цөмийн зэвсэг бүхий гүрнүүд дайнд татагдан орох аваас Европт томоохон хэмжээний сүйрэл болох магадлалтай тухай зөгнөсөн хэмээн үздэг. Харин зөгнөлд дурдсан Роб болон Евгу хэмээх Францын хот нь харьцангуй аюулгүй байх тухай бичжээ.

Эдийн засгийн хямрал. Ковид-19 цар тахал болон Орос- Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал дэлхий дахинд нүүрлэж хүн төрөлхтний хувьд нэгэн шинэ сорилт тулгарах тухай “So high will the bushel of wheat rise, that man will be eating his fellow man” буюу улаан буудай олдохоо больж хүн төрөлхтөн нэгнээ идэх цаг ирэх тухай зөгнөсөн.

Дэлхийн дулаарал. Дэлхийн дулаарал нь хэдийгээр шинэ сэдэв биш боловч зөгнөлд “Like the sun the head shall sear the shining sea: The Black Sea’s living fish shall all but boil. When Rhodes and Genoa half-starved shall be, the local folk to cut them up shall toil” буюу нар халж Хар тэнгисийн усыг буцалгах үед Генуя, Родс арлын хүн ам хагас өлсгөлөнд автан уур хилэн нь дүрэлзэх тухай дурдсан. Судлаачид дэлхийн дулаарал үргэлжлэн явагдаж далайн түвшин нэмэгдэн, 2023 онд хүнсний тасалдал үүсэх магадлалтай хэмээн тайлбарлажээ.

Эмх замбараагүй байдал. Дэлхий дахинд нийтлэг тохиолдож буй эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, дулаарал, байгалийн тэнцвэр алдагдаж буй зэрэг шалтгаанаас үүдэн эмх замбараагүй байдал, жагсаал, цуглаан нэмэгдэх тухай “Sooner and later you will see great changes made, dreadful horrors and vengeances” буюу эрт орой хэзээ нэгэн цагт аймшиг, өс хонзон харна хэмээн бичсэн.

Болгарын зөнч Ванга мөн ирээдүйд болох олон үйл явдлыг зөгнөн өгүүлсэн бөгөөд Чернобылийн сүйрэл, Диана гүнжийн үхэл, ЗХУ-ын задрал зэргийг зөгнөсөн нь биелсэн.

Түүний зөгнөлөөс 2023 онд тохиох магадлалтай зарим хэсгийг “Greekreporter.com” цахим сэтгүүлээс тоймлон толилуулж байна.

Нарны шуурга. Зөгнөлөөс 2023 онд болох магадлалтай хамгийн нөлөө бүхий үйл явдал нь томоохон хэмжээний нарны шуурга болох тухай юм. Нарны шуурга нь нарны идэвхжилээс үүдэлтэй үзэгдэл бөгөөд бага хэмжээгээр байнга болж байдаг боловч томоохон шуурга болох тохиолдолд дэлхийн соронзон оронд хүчтэй нөлөөлөх магадлалтай. Наранд томоохон шуурга 1859 онд болсныг анх ажиглан мэдээлсэн Британийн одон оронч Ричард Каррингтоны нэрээр “Каррингтоны шуурга” хэмээн нэрлэсэн. Уг шуурганы үед цахилгаан холбооны сүлжээнд саатал учран цахилгаан хэрэгсэл ажиллагаагүй болж байсан.

Цахим технологиос хэт хараат өнөө үед нарны томоохон шуурга тохиовол гарах үр дагавар, хохирол нь тооцоолоход бэрх бөгөөд хиймэл дагуулууд ажиллагаанаас гарахаас эхлэн цахилгаан сүлжээ тасалдах, интернэт сүлжээ унах зэргээс үүдэн өдөр тутмын амьдрал өөрчлөгдөх, санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэн эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай.

Дэлхийн тойрог зам өөрчлөгдөх. Дэлхийн тойрог зам өөрчлөгдөх тухай зөгнөл биелсэн тохиолдолд томоохон сүйрэлд хүргэх үр дагавартай юм. Хэдийгээр бусад гарагуудын таталцлын хүчний нөлөөллөөр маш удаан хугацаанд өөрчлөгдөж байдаг боловч нарны системд гарч болох эрс өөрчлөлтийн үр дүнд тодорхой хэмжээнд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв тойрог замд өөрчлөлт орвол дэлхийн температур, цацрагийн хэмжээ өөрчлөгдөх, байгалийн тэнцвэр алдагдах зэрэг сүйрэл гарах магадлалтай билээ.

Биологийн зэвсэг. Шинжлэх ухаан, өндөр хөгжсөн томоохон улсуудын зүгээс биологийн зэвсэг хөгжүүлж байгаа зөгнөл нь 2023 онд хамаарч болох тухай судлаачид үздэг. Өнөөгийн дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан харахад биелэх магадлалтай. Хэдийгээр улсын нэр дурдаагүй боловч ийм чадавх бүхий нэлээд хэдэн улс байгаа бөгөөд лабораторийн нөхцөлд өөрчилсөн вирусийг санаатай буюу санамсаргүй алдсан тохиолдолд Ковид-19 цар тахлаас хэд дахин илүү хохирол учруулах боломжтой.

ЗХУ-ын сэргэлт. Ванга 1993 онд ЗХУ нь XXI зууны эхний 25 жилд сэргэн мандана хэмээн зөгнөсөн. Энэ зөгнөл биелэх эсэхийг дүгнэхэд бидэнд хоёр жил үлдэж байна. Одоогийн геополитикийн нөхцөл байдал, Орос-Украйны дайн зэрэг үйл явдлаас харахад энэ нь хэрэгжих боломжит хувилбар юм. Хэдийгээр Вангагийн зөгнөлүүд нь хамгийн муу хувилбарыг дэвшүүлж буй боловч нууцлаг хэлбэрээр илэрхийлэгдэж батлах боломжгүй тул заавал биелэх шинжгүй.

Орчин үеийн зөнчдөөс Британийн пастор, зөнч Дэвид Эпратын 2023 онд тохиолдох үйл явдлын тухай зөгнөлөөс тоймложээ.

Дэлхий даяар хүмүүсийн ажлын байрыг компьютер булаан авч ихээхэн хэмжээний ажилгүйдэл үүсэж, дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдах болно. Мөн дэлхийг хамарсан өлсгөлөн болон ган тохиолдох, үүнээс шалтгаалан замбараагүй байдал дэлхий даяар үүсэх тухай дурджээ. Европт хүн амын тоо хэт ихсэх ба цагаачид нисгэгчгүй онгоцоор дайралт хийж, энд тэндгүй халдлага дайралт болно. Тэднийг юу ч зогсоож чадахгүй. Төсөөлөөгүй гэнэтийн террорист халдлагууд явагдана хэмээсэн бол Америкт олон тооны жагсаал цуглаан болж Ерөнхийлөгч Жо Байден гэнэтийн үхэлтэй тулгарч болзошгүй, Британид мөн томоохон үер, гал түймэр болох тухай дурдсан. ОХУ-ын дотоодод В.Путины эсрэг ойрын хүрээний хүн урваж болзошгүй, Пап ламын дараагийн дүр тодрох, Тайванийн асуудлаар Америк-Хятадын хооронд сөргөлдөөн үүсэх тухай дурдсан.

Одон орон судлал (Астрологи)-ын зурхайд  2023 оны төлөвийн талаар дараах таамаглалыг дэвшүүлжээ. Үүнд:

• Ангараг гарагийн ухрах хөдөлгөөн нь 2023 оны нэгдүгээр сарын 14-нд дуусах боловч нөлөө нь гуравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.

• Сугар гарагийн ухрах хөдөлгөөн долоодугаар сарын 23-наас эхлэн есдүгээр сарын 4-нд дуусах боловч нөлөө нь 10 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ нь 2023 оны төлөвт нөлөөтэй байна.

• ОХУ-д олон өөрчлөлт гарах бөгөөд дотоодын нөхцөл байдал, олон нийтийн эсэргүүцлийн гэх мэт өөрчлөлтийн эцэст тус улсын байр суурь бэхжих болно.

• БНХАУ-ын олон улсын түвшин дэх байр суурь улам бэхжих бөгөөд дэлхий нийт Хятадаас айх айдас нь биелэх цаг нь биш.

• Британи болон Европ хямралд өртсөн хэвээр.

• Америк, Хятад болон Энэтхэг улс дэлхийн хямралын эсрэг томоохон үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top