Дэлхийн банк, НҮБ-ын эдийн засагч, судлаачид энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэн боловсруулж, танилцуулаад байна. Дэлхийн банкны судлаачид энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 1.7 хувьд хүрч саарна гэж тооцоолсон бол НҮБ-ын судлаачид дэлхийн эдийн засгийн өсөлтийг 1.9 хувьд хүрнэ гэж үзжээ.
Ковид цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрч байсан. Харин цар тахал 2020 онд дэгдсэний улмаас улс орнууд хилээ хаасан, худалдааны сүлжээ тасалдсан, хөл хорио тогтоосон зэрэг олон талын шалтгааны улмаас дэлхийн эдийн засаг -3.0-иас -3.5 хувиар саарсан юм. 2021 онд дэлхийн эдийн засагт багахан сэргэлт ажиглагдаж 5.8 хувьд өссөн ч улс орнуудын ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй, бууралттай байсан. Зарим улс оронд 2022 онд цар тахлын хөл хорио, хязгаарлалт үргэлжилсэн, Орос-Украины дайны сөрөг нөлөөллийн улмаас дэлхийн эдийн засаг 3.0 орчим хувийн өсөлтөд хүрсэн гэж олон улсын байгууллагын судлаачид тооцоолон гаргаснаа танилцуулаад буй юм.
Сэтгэгдэл ( 0 )