С.Бямбацогт: Нийслэлд явж буй автомашины хэдэн хувь нь бүрэн бүтэн байгаа нь эргэлзээтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Б.Баттөмөр гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод хандаж асуулт тавилаа. Тэрбээр, монголчуудын хамгийн их унаж буй “Приус”  маркийн машины янданг сольж, түүнийг  БНХАУ-д экспортолсон байна. Машины чухал эд ангийг сольж, экспортлоод шүүлтүүргүй яндан тавиад явж байгааг юу гэж ойлгох вэ, мөн хар  замаар 45 тонноос дээш даацтай машиныг явуулахгүй, шороон замаар явахыг шаарддаг байна. Бүтээн байгуулалтын хүч болсон машиныг ингэж хязгаарлаж болох уу гэв.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Нийслэлд явж буй автомашины хэдэн хувь нь бүрэн бүтэн байгаа нь эргэлзээтэй. Тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал буюу “Приус” маркийн нүүрсэн яндантай асуудал онцгой анхаарал татаж байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төсөл санаачилсан. Ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар  хуурамч сэлбэг болон  стандартын  бус машин техник хилээр орж ирэхийг хориглох боломжтой болно. Мөн манай улсаас стандартын бус машин, сэлбэг хэрэгсэл гарахгүй байх харилцан хамтын ажиллагааг зөвшөөрч, хамтын ажиллагаа баталгаажиж байгаа хэмээн ойлгож байна хэмээн хариулав. Мөн даац хэтэрсэн машин автозамаар зорчсноор зам эвдэрч, улмаар осол гарч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Эхний ээлжинд даац хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж байна. Олон улсын хэмжээнд нийт жин 44 тонн, нэг тэнхлэгт 11 тонн гэх стандартыг баримталж байна. Зам тээврийн хөгжлийн яам даац хэтрүүлэхгүй байх талд ажиллана гэлээ.

Тодотгоход, УИХ-ын чуулганаар  Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх үеэр дээрх асуудлыг хөндсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top