Дэлхийн тэргүүлэгч орнууд батлан хамгаалах төсвөө НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

Батлан хамгаалах зардлаараа сүүлийн жилүүдэд эхний аравт багтаж байгаа дэлхийн улс орныг дэс дарааллаар нь авч үзвэл АНУ, БНХАУ, БНЭУ, Британи, ОХУ, БНФУ, ХБНГУ, Саудын Араб, Япон, БНСУ орж байна. Дэлхийн ихэнх тэргүүлэгч орнууд батлан хамгаалах төсвөө 2023 оны санхүүгийн жилд нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байгаа нь Орос-Украины дайн, Тайванийн асуудал, Хятадын хүчирхэгжилттэй холбоотой гэж Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурджээ.

АНУ энэ онд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлсэн нь Орос, Хятадыг тогтоон барих, Энэтхэг-Номхондалайн стратегийг хэрэгжүүлэх зорилготой нь холбоотой. Тухайлбал, АНУ 2023 оны санхүүгийн жилд Украинд зориулж 44.9 тэрбум ам.доллар төсөвлөсний 14.5 тэрбум нь цэргийн зэвсэглэлд, 11.88 тэрбум нь нөхөн хангалтад, 9.3 тэрбум нь Украины аюулгүй байдалд туслах санаачилгад, 13.37 тэрбум нь Украины эрчим хүчний аюулгүй байдал, дэд бүтцийн чухал хэрэгцээг хангах, төсвийн дэмжлэг үзүүлэхэд зориулагдах юм.

Мөн Европын бүс нутагт ОХУ-ыг тогтоон барих санаачилгад зориулж 6 тэрбум, Ази, Номхон далайн бүс нутагт БНХАУ-ыг тэнцвэржүүлэх санаачилгад зориулж 11.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус тус төсөвлөжээ.

Мөн АНУ Тайваньд зэвсэглэл, тоног төхөөрөмж худалдах, цэргийн бэлтгэл сургуулилт хийх, аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд зориулж таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. АНУ-ын хууль тогтоогчид Цагаан ордноос өргөн барьсан 2023 оны батлан хамгаалах төсвийг даруй 45 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж баталсан байна.

ОХУ 2023 оны батлан хамгаалахын төсвөө албан ёсоор 84 тэрбум ам.доллар хэмээн зарласан боловч аюулгүй байдлын салбарыг оруулж тооцвол нийт цэргийн зардал нь 155 тэрбум ам.доллар буюу тус улсын нийт төсвийн гуравны нэгийг эзэлж байна. Аюулгүй байдлын салбарын зардалд үндэсний гварди, цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төсөв багтдаг бөгөөд ОХУ-ын цэргийн зориулалттай нийт зардал өнгөрсөн онтой харьцуулахад 50 хувиар өсөх үзүүлэлттэй байна.

Оросын батлан хамгаалахын худалдан авах зардал 2023 онд 50 хувиар өссөнөөр цэргийн ангиудын зэвсэг, техникийн хангалт  97 хувьд хүрнэ хэмээн Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэж байна. ОХУ-ын батлан хамгаалах төсөв 2022 онд 77 тэрбум ам.доллар байсан ч Украины дайны улмаас батлагдсан төсөв нь 20 тэрбум ам.доллароор хэтэрсэн байна.

 БНХАУ-ын батлан хамгаалах төсвийн өсөлт нь Хятадын ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийн шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ялангуяа түүний орчин үеийн дайны ажиллагаа явуулах чадавхыг бий болгоход чиглэж байна. БНХАУ-ын батлан хамгаалах зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 1.7 хувь буюу 293 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн арваад жилийн хугацаанд тус улсын эдийн засаг тогтвортой, жил тутамд 7 орчим хувийн өсөлттэй байсантай холбоотой юм.

Гэхдээ Хятадын батлан  хамгаалах төсөвт цэргийн судалгаа, шинжилгээний хөгжүүлэлт, гадаадын зэвсэглэл техник худалдан авалт зэрэг зарим нэр төрлийн зардлын ангиллыг оруулан тооцдоггүй нь цэргийн бодит зардал үүнээс өндөр байх магадлалтай байна. Хятадын эдийн засгийн өсөлт, үүнтэй уялдсан батлан хамгаалах зардлын жил тутмын 7 орчим хувийн өсөлт нь цаашид сансар, пуужин,тэнгисийн болон нисэх хүчинд шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, цэргийн сургалт, ажиллагаа, шинэчлэлийг тууштай явуулах нэг үндэслэл баталгаа болж байна.

Дэлхийн тэргүүлэгч орнууд батлан хамгаалах төсвөө ийнхүү жилээс жилд нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн болон даян дэлхийy энх тайван, аюулгүй байдалд тодорхой эрсдэл сорилтыг бий болгох магадлалтай байна

Японы Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан тус улсын Үндэсний Аюулгүй байдлын шинэ стратегид: “Япон улсын ирэх таван жилийн батлан хамгаалах төсвийг өнгөрсөн таван жилийн төсвөөс 50 хувиар нэмэгдүүлэх, 2023 оны төсвөөс 2027 оны төсвийн хооронд батлан хамгаалахын зардалд 43 их наяд иен буюу 319 тэрбум ам. долларыг зарцуулах, батлан хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэх” зорилтыг дэвшүүлжээ.

Япон улс 1970 оноос хойш олон жилийн хугацаанд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийхээ 1 хувьд барьж ирсэн бол одоо үе шаттайгаар 2027 он гэхэд ийнхүү 2 хувьд хүргэхээр болсон нь түүний НАТО-гийн орнуудын стандартад хүрэх, алсдаа НАТО-д элсэх стратегийн зорилготой холбоотой гэж үзэж болно. Япон улс 2023 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвөө 51 тэрбум ам.доллароор баталж, дээд амжилт тогтоосон нь өнгөрсөн оны санхүүгийн жилээс даруй 26.3 хувиар өссөн үзүүлэлттэй, дэлхийд хамгийн ихээр батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлсэн улсын тоонд зүй ёсоор орж байна. Япон улс нь Хятад, Умард Солонгос, Оросын аюулгүй байдлын ноцтой аюул эрсдэл сорилттой тулгараад байгаагийн улмаас батлан хамгаалах төсвөө ийнхүү огцом нэмэгдүүлэхэд хүргэсэн хэмээн тус улсын эрх баригчид үзэж байна.

ХБНГУ зэвсэгт хүчнээ шинэчлэхэд зориулж, өнгөрсөн онд батлан хамгаалахын тусгай сандаа 100 тэрбум еврог хуваарилжээ. Үүнд 40.9 тэрбумыг нь цэргийн нисэх онгоц, 20 тэрбумыг нь тоон радио тоног төхөөрөмж, холбооны хиймэл дагуул, 19.3 тэрбумыг нь цэргийн зэвсэг, техник хэрэгсэл, 2 тэрбумыг нь цэргийн хувцас, хүн нэг бүрийн хэрэгслийг тус тус худалдан авахаар төсөвлөсөн байна.

Герман батлан хамгаалах зардлаа их хэмжээгээр нэмэгдүүлж буй нь удаан хугацаанд баримталж ирсэн хүлцэнгүй батлан хамгаалах бодлогоосоо татгалзаж, Европт тэргүүлэх байр суурь эзлэх Батлан хамгаалах шинэ бодлого баримтлах болсонтой холбоотой талаар судалгаанд дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top