Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжийн дагуу улс орнууд нь зохицуулалттай салбарын хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг үр дүнтэйгээр хэрэгжүүлснээр хүний нөөц, цаг хугацааг хэмнэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэйгээр нэвтрүүлэхэд шаардагдах техник туслалцааг авч байна. Энэ хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх нь” сэдвээр гурван өдрийн цахим сургалт зохион байгуулжээ.
Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хянан шалгагч, албан хаагчид болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын оролцогчид, мэргэжлийн холбооны төлөөлөл оролцсон бөгөөд Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Линдси Чан үл хөдлөх эд хөрөнгийн салбарын мөнгө угаах гэмт хэргийн эрсдэл, олон улсын туршлага, эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгчээ. Сургалтын үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хяналт, шалгалтын үр дүнтэй байдал нэмэгдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрахаас гадна үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын эрсдэлийг удирдаж, урьдчилан сэргийлэх чадавх бэхжих юм байна.
Сэтгэгдэл ( 0 )