Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөрт 2019 онд нийт хамрагдагсадын 234 буюу 52 хувь, 2020 онд 107 буюу 43 хувь, 2022 онд 74 буюу 47 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй захиралтай аж ахуй эрхлэгчид байсныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцууллаа. Тэрбээр, томоохон аж ахуйн нэгжүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоо бага байдаг бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд, эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүд байна. Зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтээс дүгнээд үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчид харьцангуй хариуцлагатай, зээлээ зориулалтын дагуу зарцуулж, үйл ажиллагаа явуулахдаа ч илүү үр ашигтай ажилладаг нь харагддаг. Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн 30 хувь нь эмэгтэй, 70 хувь нь эрэгтэй зээлдэгчдэд хамаарч байна гэсэн юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2022 онд Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 21.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг 11.8 мянган иргэнд олгосны 55 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар танилцуулав. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайлсан хөтөлбөрийг 2021-2022 онд хэрэгжүүлж байгааг тэрбээр дурдаад, үүнд нийт 3482 эмэгтэй хамрагдаад байна гэв. Дэлхийн банкны эх үүсвэртэй арилжааны банкаар дамжуулж 4.4-8.8 хувийн хүүтэй олгох зээлийн хөтөлбөрт 1439 иргэн хамрагдсаны 52.2 хувь нь бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top