Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан асуудлууд байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн явц, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар салбарын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулах төсөв зардлыг жил тутам улсын төсөвт нэмж суулгаж байгаа боловч эмийн үнэ өссөөр байна.  Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд их олонлогоор хянах зэрэг аргачлалыг нэвтрүүлсэн хэдий ч одоогоор нийт нэхэмжлэлийн 15 орчим хувийг хянаж байна. Цаашид хяналтын тогтолцоог бас бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж давхардлыг арилгах, салангид байсан эх үүсвэрийг нэгтгэх ажлыг хийж байна гэлээ. Түүнчлэн тэрбээр, эмч, эмнэлгийн мэргэжилтний цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулсан тогтолцоонд шилжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буйг дурдаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн эмч, ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Мөн тэрбээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад програм хангамжийн ачаалал өндөр, хэрэгтэй мэдээллийг бүртгэдэггүй, шаардлагагүй хэвтэлт өндөр хэвээр байгаа, нөөцийн илүүдэл нь эмнэлгийн үр ашгийг бууруулдаг, өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай, яаралтай тусламж, жирэмсний хяналт, өдрийн мэс заслын журмууд зөрчилтэй зэрэг тулгамдсан асуудлууд байгааг дурдаж, эдгээрийн яаралтай тусламж, үйлчилгээний эрэмбийг тодорхой болгох, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ ЭМБ-уудад шатлалын зөрүүтэйгээр нэхэмжлэх тохируулга хийх, зарим оношийн хамраалтай бүлгийн өртгийг дахин тооцоолох, бууруулах, шаардлагагүй хэвтэлтийг мөн бууруулах, эмнэлгийн орны тоог цөөрүүлж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх замаар шийдвэрлэх боломжтой гэлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар эмнэлгийн 42000 ор байгаа нь дэлхийн дунджаас дөрөв дахин, өндөр хөгжилтэй орнуудынхаас хоёр дахин их байгааг  хэллээ.

Салбарын сайдын мэдээлэлд дурдсанаар анхан шатын эрүүл мэндийн байгууллагуудад хүн ам цөөн, зарим сумдууд болон урьд нь зардал өндөр байсан сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас санхүүгийн хүндрэлд орсон, тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт тодорхой бус, программ хангамжийн хөгжүүлэлт анхан шатанд тохироогүй, зохиомол ачаалал үүсгэж буй зэрэг хүндрэлтэй асуудлууд хуримтлагдсан байна. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж байгаа программ хангамж нь хүн төвтэй бус үйлчилгээ төвтэйгөөр хийгдсэн нь асуудал үүсгэж байгаа аж. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын программ хангамжийг илүү оновчтой, тодорхой, хүн төвтэйгөөр хийж сайжруулах, тусламж үйлчилгээний жагсаалтыг нэмэгдүүлж шинэчлэх, зарим сумдын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд коэффицентоор тохируулга хийх, ялангуяа газар нутгийн хэмжээ, алслагдсан байдлаас нь хамааруулаад коэффицент гаргаж тохируулах шаардлагатайг сайд С.Чинзориг тайлбарлав.

Түүнчлэн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санд тулгамдаж байгаа асуудал бол тус сангийн тэнцэл алдагдсан явдал болохыг онцлов. Тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжихэд чөлөөт үлдэгдэл нь 600 орчим тэрбум төгрөг байсан, одоо үндсэндээ үлдэгдэлгүй болох байдалтай байгааг  мэдээлэлдээ тэмдэглэв. Мөн эрүүл мэндийн даатгалын хяналт хийхэд шаардлагатай маягтуудыг өөрчлөөгүйн улмаас нэхэмжлэлийг бүрэн хянаж чадахгүй байгаа, шаардлагагүй хэвтэлт буурахгүй байгаа, өвчний түүх цахимжаагүйн улмаас хяналтыг бүрэн хийж чадахгүй байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлууд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагджээ. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд өвчний түүхийг нэн тэргүүнд цахимжуулах, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний маягтуудын загварыг баталж, мөрдүүлэх, зарим оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцоолох, бууруулах, сангийн тэнцлийг хангах нэмэлт сонгон шалгаруулалт хийх шаардлагатайг  дурдав.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
далай(124.158.120.30) 2023 оны 03 сарын 30

энэ санд мөнгө төлдөг хүн бүрийн дансанд жил эсвэл улиралд нь мөнгө өгч байвал төдбөртэй эмнэлэгт үзүүлэж байх боломжтой болох юм

0  |  0
Top