Импортын өсөлт өмнөх оноос саарна гэж үзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сард хуралдан, шийдвэрээ гаргасан. Хуралдааны үеэр гадаад худалдаа, экспортын нөхцөл байдлыг хэрхэн авч үзсэнийг хүргэе.

Экспортын гол нэрийн эрдэс бүтээгдэхүүн алт, зэс, нүүрсний үнийн төсөөлөл сайжрахаар байгаа бол төмрийн хүдэр, газрын тосны үнэ өмнөх төсөөллийн орчимд байна. Тодруулбал, нүүрс, зэсийн үнэ БНХАУ-ын “Тэг Ковид” бодлого суларсантай холбоотойгоор 2023 онд нэмэгдэхээр авч үзсэн бол алтны үнэ тодорхой бус байдалтай холбоотойгоор өндөр түвшинд хэвээр байхаар байна. Улмаар худалдааны нөхцөлийн жилийн өсөлт 2023 онд өмнөх төсөөллөөс сайжрах бол 2024 онд буурахаар байна. Дэлхийн зах зээл дээр хүнсний үнийн өсөлт 2022 оны сүүл үеэс тогтворжсон бөгөөд цаашид энэ түвшингээс буурахаар хүлээгдэж байна. Мөн шатахууны үнэ өмнөх төсөөллөөс бага зэрэг буурахаар байгаа нь импортын үнийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэхээр байна.

Гадаад худалдааг авч үзвэл нүүрсний экспортын орлого 2023 оны экспортын өсөлтөд голлох эерэг нөлөө үзүүлэх бол зэсийн баяжмал энэ онд өмнөх жилийн түвшинд байна. Энэ онд шатахууны импорт, хэрэглээний импортын өсөлт бага байх тул нийт импортын өсөлт өмнөх оноос саарахаар байна. Тодруулбал, нефтийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах болсон тул нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх жилээс төдийлөн нэмэгдэхгүй, харин хэрэглээний импортын хувьд ипотекийн төлбөр төлж эхэлсэнтэй холбоотойгоор өсөлтийн хурд саарах хүлээлттэй байна. Хэдийгээр барааны тэнцлийн хувьд ашигтай гарахаар байгаа хэдий ч үйлчилгээ болон орлогын тэнцлийн алдагдал урсгал тэнцлийн алдагдалд нөлөөлөх хэдий ч цаашид алгуур буурахаар байна. Урсгал дансны алдагдал, санхүүгийн дансны тэнцэл нь нийт төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд нөлөөлөхөөр байна. Харин санхүүгийн данс нь бонд, зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэргээс хамааралтай байх тул урсгал тэнцлийн алдагдал нь валютын ханшийн төлөвт нөлөөтэй бөгөөд гадаад худалдаа, ялангуяа нүүрсний экспорт нэмэгдвэл төлбөрийн тэнцлийн төлөв сайжрах боломжтой гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5666(167.114.3.53) 2023 оны 03 сарын 31

Ghh

0  |  0
Top