Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын тухай тогтоолыг баталлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулав.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн тавдугаар зүйлд Улсын Их Хурлаас Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын болон байнгын бус хэсэгт байх эрдэнэсийн нэр төрөл, хэмжээг тогтоох, үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах, үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт металл, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гаргах, олборлосон үнэт металл, үнэт чулууг Эрдэнэсийн санд худалдан авах доод хэмжээг тогтоохоор заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн санал, түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан … бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.” гэж заасан байдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэснийг гишүүн танилцууллаа. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Эрдэнэсийн сангийн эрдэнэс, хөрөнгийн хөдөлгөөн, түүний зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар тодруулж, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгсөн юм. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан бөгөөд энэ дагуу тус сангийн хадгалалт, харуул, хамгаалалттай холбоотой хэсгээс бусад нь төрийн болон албаны нууцын ангиллаас гарч, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод байгаа гэх хариултыг өгөв. Төв банк холбогдох хууль, журмын хүрээнд Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, зарлага, бүртгэл зэрэг мэдээллүүдийг цахим хуудсаараа, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол дэлгэрэнгүй мэдээлж байгаа юм байна.

Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авахдаа Шинжлэх Ухааны Академи, Соёлын яам, МУИС болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлийнхөө санал, дүгнэлтэд үндэслэн, Төв банк холбогдох шийдвэрийг гаргадаг байна. Харин зарлагын тухайд, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах бөгөөд үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрддэг аж. Үндсэн сангийн байнгын хэсэгт байх хосгүй үнэт түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хуулиар хориглодог. Харин үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байдаг бөгөөд эдгээрийг зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрээр бусдад шилжүүлэх, худалдан борлуулах зохицуулалттай гэдгийг Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлаад “1994 оноос хойш УИХ энэ төрлийн ямар нэг шийдвэр гаргаагүй тул Монгол Улсын Эрдэнэсийн сангаас энэ хугацаанд ямар нэг эд зүйлс гаргаагүй” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Эрдэнэсийн сангийн гүйлгээ сантай холбоотой тайлбар, мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн төрц гэх зэрэг эрдэнэсийг шилжүүлж авахаар 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч 954 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Мөн 200 орчим дурсгалын зоос орлогодохоос 108 ширхэг дурсгалын зоос авчээ. Эрдэнэсийн сангийн талаар хуульд зааснаас бусад бүх асуудал нээлттэй, ил тод байгааг тэрбээр дахин тодотгов.  Эрдэнэсийн сан нь 1984 онд үнэт металл, эрдэнэсийн зүйлсийг цуглуулж, хадгалж, хамгаалахаар байгуу­лагдсан бөгөөд үнэт металл, эрдэнэсийн зүйлсээр урласан урлагийн бүтээлүүдийг хадгалдаг болохыг танилцуулсан. Монгол Улсын Эрдэнэсийн санд 1 их наяд орчим төгрөгийн үнэлгээтэй үзмэр бий бөгөөд тэдгээрийг олон нийтэд нээлттэй үзүүлэхийн зэрэгцээ “Чингис хаан” музейтэй хамтран ажиллаж, зарим хосгүй үнэт үзмэрүүдийг тус музейд дэглэн олон нийтэд үзүүлж байгаа юм байна. Сангийн тооллого, бүртгэлийг жил бүр хөндлөнгийн байгууллага гүйцэтгэж байдаг, ямар нэг үзмэр, бүтээл алдагдаагүй гэдгийг гишүүдийн тодруулсны дагуу тайлбар хийлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(192.82.81.86) 2023 оны 04 сарын 03

ERDENESIIN SANGAAS ALDAGDSAN BUTEELUUDEE BUTSAAJ AVCH SHAASAN HULGAICHUUDIIG N YALALAAAA

0  |  0
Top