УИХ-аас Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлээд байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт дараах зөвлөмж өгч, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн 27 нь буюу 27 хувь нь эмэгтэй захиралтай, нийт аж ахуйн нэгжийн 28.9 хувь нь өмчийн эзэмшлээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд хамаарч байгаа бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 31.2 хувь нь эмэгтэйчүүдийн эзэмшилтэй байна. Аж ахуйн нэгжийн тооллогын дүнгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна. Түүнчлэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 53.3 хувь нь эмэгтэйчүүд, үүний дотор өрх толгойлсон эхчүүд байгааг хувиараа эрхлэх аж ахуй, бичил бизнес эрхлэгчид гэж үзэн, хуулийн үйлчлэлд хамруулах асуудалд анхаарах ёстой. Олон улсын стандартаар “бизнес эрхлэгч эмэгтэй” гэж тодорхойлсон хэсгийн дээр нийт ажиллагсдын 50-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж ахуйн нэгжүүдийг нэмж тооцон, хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлж ажиллах нь зүйтэй.
Энэ хууль батлагдсанаар ялгаварлан гадуурхалт буюу Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал үүсэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүд асууж, ярьж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас Жендерийн ялгаатай байдлын индексийг дөрвөн үзүүлэлтээр дэлхийн 150 улсыг жагсаан гаргадгийн дотор манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо боломжийн талаарх үзүүлэлтээрээ 2022 онд гурван байр ухарсан байна.
Монгол Улсад тулгарч байгаа энэ эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн орчин дахь жендерийн тэгш бус байдлын асуудал бол нийгэмд бодитой оршин байгаа зүйл. Үүний дотор хамгийн тулгамдаж байгаа асуудал бол санхүүжилт. Өмч хөрөнгөө өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгүүлдэг хандлага манай улсад түгээмэл байдгаас аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүд барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн үндэслэлээр зээл, санхүүжилт авч чадахгүй байгаа. Энэ нь цаанаа өмчийн харилцаатай холбоотой.
Дараагийн чухал асуудал бол, хөдөлмөрийн үнэлгээ. Ижил төстэй ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин орлогын хэмжээ ялгаатай байна. Тэгэхээр Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт буюу аль нэг хүйсийн давуу байдал олгосон гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Тийм учраас Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл эмэгтэйчүүдийг илүүд үзэх, харж үзэх гэж байгаа зүйл юм биш. Харин байгалийн онцлог, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл сорилтуудыг даван туулахад нь тус болохуйц ийм хуульчилж, тодорхойлолтыг бий болгож, мэдээллийн сан бүрдүүлж ажиллах нь дэлхий нийтийн хандлага болсон байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрсөн. Энэ чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Иймд тогтолцоо бий болгохдоо жендерийн харилцан адилгүй нөхцөлөөс үүссэн тэгш бус байдлыг арилгахад хуулийн үзэл санаа, зорилго чиглэх ёстой гэв.
Сэтгэгдэл ( 0 )