2022 оны жилийн эцэст нийт импортын худалдаа 8,704.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оноос 27.2 хувь буюу 1,859.0 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 22.5 хувь, машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 14.5 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 9.0 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 19.5 хувь, хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 4.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 9.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 6.9 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 85.7 хувийг эзэлж байна.
2022 оны байдлаар импортын 31.0 хувийг хэрэглээний бүтээгдэхүүн, 38.0 хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, 11.0 хувийг аж үйлдвэрлэлийн орц, 20.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Нийт импортын 22.5 хувийг эрдсийн бүтээгдэхүүний импорт, 77.5 хувийг эрдсээс бусад бүтээгдэхүүний импорт тус тус эзэлж байна. Эрдсийн бүтээгдэхүүний импорт 1,960.3 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 621.7 сая ам.доллароор буюу 46.4 хувиар өссөн байна. Эрдсээс бусад бүтээгдэхүүний импорт 6,744.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,237.2 сая ам.доллар буюу 22.5 хувиар өсжээ.
2021 онтой харьцуулахад 2022 онд импортын худалдаа 1,859.0 сая ам.доллароор нэмэгдэхэд хэрэглээний бүтээгдэхүүн 502.0 сая, нефтийн бүтээгдэхүүн 592.0 сая, хөрөнгө оруулалт 551.0 сая, аж үйлдвэрийн орц 204.0 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлжээ. Импорт бүх төрлөөр нэмэгдсэн байна. Ялангуяа дизель түлш 370.0 сая ам.доллар, удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн 316.0 сая ам.доллар, барилгын материал 275.0 сая, машин, тоног төхөөрөмж 219.0 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нийт импортын өсөлтийн 63.5 хувийг эзэлж байна.
Нефтийн бүтээгдэхүүний импорт нь өнгөрсөн оноос 592.0 сая ам.доллароор өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт нөлөөлжээ. Дизель түлшний импорт 370.0 сая ам.доллар, бензин 282.0 сая ам.доллароор нэмэгджээ. 2022 оны эцэст нефтийн бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 131.9 ам.дол/баррель болсон байна. Энэ нь 2021 оны жилийн эцсээс 46.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )