Манайхан төрийн өмчит компаниудынхаа хөрөнгийн өгөөжийг 2021 онд 1.3 хувьтай гарсан гэж дүгнэсэн бол Дэлхийн банкны судалгаагаар 0 хувийн хөрөнгийн өгөөжтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ер нь бол төрийн ч бай, хувийн ч бай аж ахуйн нэгж, компани л юм бол ҮР АШИГ-тай ажиллахыг нэн тэргүүнд зорих ёстой байтал манай төрийн өмчит компаниудын тухайд ийм ойлголтоос ангид явж ирснийг хаа хаанаа мэднэ л дээ.
Бараг “Төрийн өмчит компани+алдагдал” гэх ойлголт энгийн л байх ёстой зүйл мэт хэвшчихсэн гэхэд болно. Уг нь өмнөх олон л Засгийн газрууд энэ байдлыг халах ёстой талаар, хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийх шаардлагатай талаар ярьсаар өдийг хүрсэн. Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар ч байгуулагдсанаасаа эхлэн цаг үе, нөхцөл шаардлагын дагуу төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд үр ашигтай ажиллах зарчмыг баримтлахад анхаарах талаар ярьсан.
Өнөөдөр ч яригдаж байна. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ долоо хоногт өгсөн мэдээлэлдээ, “Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг төрийн мэдлийн компаниуд үр ашигтай ажилладаг эсэхээс хамаарч үйл ажиллагаа явуулах эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгахаар болсон” гэсэн юм. Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгснийг дуулгасан.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухайд 16 жилийн өмнө буюу 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компани юм. Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэрэг нэгдсэн стратеги, удирдлагаар хангах чиглэлд ажиллаж ирсэн. Гэхдээ тус компанийн стратеги, удирдлага үр ашигт чиглэсэн үү гэдэг асуудал шүүмж дагуулна.
Өдгөө ЗГХЭГ-ын хэлж байгаачлан компанийн дүрмийн шинэчлэл үнэхээр бодитой өөрчлөлт дагуулах уу гэдэг нь хүлээлт үүсгэж байна. Д.Амарбаясгалангийн өгсөн мэдээллээр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болох аж. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурна гэсэн юм. Тэгэхээр энд ямарч байсан “Эрдэнэс Монгол” ХХК болон охин компаниудын ТУЗ-д хуваарилагддаг цалингийн зардал жилд 1.5 тэрбумаар буурах нь. Харин дүрмийн шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагааны ерөнхий үр ашиг хэрхэн яаж бодитой нэмэгдэх вэ гэдэг асуудал байна.
Өнгөрсөн оноос эхэлсэн бүтцийн өөрчлөлт, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын хүрээнд харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжинэ гэсэн мэдээллийг өгч байгаа. Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болсон. Энэ хүрээнд улс төрөөс хамааралтайгаар шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэж компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа юм.
Дашрамд, Монголын төрийн өмчит компаниудын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллийг хүргэе.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 орчим их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс нийт зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна.
Нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлжээ. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өгч байсан.
Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна. 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажиллажээ.
Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол дээр хэлсэнчлэн Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байгаа юм.
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХХК тус тус бүрдүүлсэн байна.
Түүнчлэн төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж байдаг.
Иймд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлагыг тодорхойлж, төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий салбар, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчид урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байгаа юм.
Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг зогсоож Засгийн газрын томилсон төрийн захиргааны аль нэг төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага олон улсад тогтсон шаардлагаас доогуур, төрийн захиргааны албан хаагчийг, түүнчлэн улс төрийн албан тушаал хашиж байсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилох, томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь тухайн компанийн удирдлага мэргэжлийн бус болох, улс төрийн нөлөөлөл бий болох боломжийг бүрдүүлж байна. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх чиглэлд зохицуулалтыг тусгаад буй юм.
Сэтгэгдэл ( 0 )