УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар” болон бусад асуудлыг хэлэлцсэн.
Чуулганы хуралдаанд зарим гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал хэлмээр байна. Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийг батална гээд бүгд чичирч байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг ч оруулж ирсэн байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийнхээ асуулгад хариу өгмөөр байна. Халзан бүргэдэйн асуудлаар арваннэгдүгээр сард асуулга тавьсан. Засгийн газар одоо болтол хариу өгөхгүй байна. Үүнд УИХ-ын удирдлага анхаармаар байна. УИХ, Засгийн газар Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж удаа дараа ярьж байгаа. Гэтэл бодит байдал дээр ам, ажил хоёр чинь алд дэлэм зөрж байна, эрх баригчид аа.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад гурван долоо хонолоо. Гэтэл өнөөдөр уг хуулийн төслийг ямар ашиг сонирхлын зөрчилтэй болоод тус хуулийн төслийг оруулж ирэхгүй байна вэ. УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг тухайн долоо хоногт нь багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлдэг дэгтэй. Гэтэл уг хуулийг гурван долоо хоног өнгөрчхөөд байхад оруулж ирэхгүй байна. Том дарга нарын эрх ашиг хөндөгдсөн асуудлууд бий. Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж, УИХ авлигатай тэмцэх гэж байгаа бол энэ хуулийн төслийг яаралтай өнөөдрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж ирье. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүйгээр албан тушаал, авлигын хэрэгтэй тэмцэх асуудал чинь хий хоосон үг болж байна. Үүнд анхаарал хандуулмаар байна. Монгол Улсын эрх ашиг, хууль дээдлэх зарчим нийцүүлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн. Хууль санаачлагч нь Засгийн газар. Энэ долоо хоногийн хуваарийг дөрөвдүгээр сарын 13-нд болгож өөрчилсөн. Ерөнхий сайд өөрөө оролцох сонирхолтой байгаа тул энэ өдөр хэлэлцэж өгөхөөр саналаа ирүүлснийг үндэслээд ирэх долоо хоногт болж хойшлуулсан.
Сонгуулийн тухай хуулийн хувьд энэ долоо хоногт бусад гэсэн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн байсан. Гэхдээ УИХ асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Өглөө нь хууль өргөн бариад өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй.
УИХ-ын гишүүн Э.Батшугар
Баялагийн сангийн хуулийг яаралтай оруулж ирж баталмаар байна. Өнгөрсөн жил бид 12 тэрбум долларын экспорт хийж, 32 сая тонн нүүрс экспортолсон. Гэтэл иргэд үүний хүртээмж, үр өгөөж нь хаана байна гэж их асууж байна. Хүртээмжийг иргэдэд зөв хуваарилах механизм бол баялгийн сан. Учир нь байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй учраас Монгол Улсын иргэн бүр тэгш хүртэх ёстой. Энэ жил 40 сая тонн нүүрс экспортлох төлөв харагдаж байна.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны сонсголын үеэр нэг зүйлийг маш сайн ойлголоо. Эдийн засгийн баатрууд бол бор зүрхээрээ явж байгаа ЖДҮ эрхлэгчид, ААН юм байна. Иймээс тэднийг бодитоор дэмжих бодлого хэрэгтэй байна. Тэд эдийн засгийн гол ачааг үүрч байна. Ажлын байр бий болгож байна. Биржээр 800 мянган тонн нүүрс арилжаалсан нь эдийн засагт бодитоор мэдрэгдэж эхэлж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Монгол банканд 61 сая ам.доллар зарах банкны санал ирсэн. Миний мэдэхээр сүүлийн 10 гаруй жил банкнууд төв банк дээр ам.доллар авах санал тавьж байснаас зарах санал тавьж байгаагүй. 3528 байсан албан ханш 3513 болж буурсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар чухал асуудал хөндлөө. Б.Баттөмөр гишүүн Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт ажилласан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ манлайлж баталснаар 9.5 ам.доллароор аман дээрээ зарагдаж байсан нүүрс 73 ам.доллар болж өссөн. Мөн 60 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 180 болж өссөн. Олон чухал асуудлуудыг Э.Батшугар гишүүн хөндлөө. Засгийн газар үүнд анхаарч ажлаа хийх хэрэгтэй. Одоо найран дундаа байгаад байж таарахгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Нүүрсний тээвэрчидэд цалинг нь өгөөч ээ үнэгүй нүүрсээ зөөлгөх гээд байхын энэ чинь дээрэм төр засгийн луйварчидаа
Өмнөх сангууд чинь луйварчдад тоногдоод байхад юун нэмж сан байгуулах. Ави лгалын Загалмайлсан эцэгт өгөх шинэ сан нээх нь дээ.