Америк, Хятад хоёрыг ямар сорилтууд хүлээж байгаа вэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь гарч олон улсын байгууллагуудын төсөөллийн дунджаас 0.4 нэгж хувиар өндөр байв. Харин 2023 оны өсөлтийн төсөөлөл 2.1 хувь болж өмнөх төсөөллөөс бага зэрэг муудлаа. Тодруулбал, БНХАУ- ын “Тэг-Ковид” бодлогын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сараас суларсан нь глобал өсөлтөд эерэг нөлөөтэй хэдий ч дэлхийн томоохон төв банкуудын мөнгөний хатуу бодлогын нөлөө хүчтэй илрэх төлөвтэй байгаа нь өсөлтөд ийнхүү сөргөөр нөлөөлөхөөр байгааг Төв банкны инфляцын тайланд дурджээ.

Шинжээчдийн дүгнэлтээр ОХУ-Украины мөргөлдөөний нөхцөл байдал цаашид даамжрах, дэлхийн төв банкуудын мөнгөний хатуу бодлогын нөлөө глобал эдийн засагт 2023 онд хүчтэй илрэх нь дэлхийн эдийн засгийн төлөвт гол эрсдэл болж байна .
 

Шинжээчид дэлхийн тэргүүлэх эдийн засгууд болох АНУ, БНХАУ-ын эдийн засгийн талаар дараах төсөөлөл, тооцоололтой байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 2022 онд 3.0 хувь гарснаар 5.5 хувийн зорилтот түвшнээс доогуур байв. Энэ нь “Ковид-19” цар тахлын үеийг эс тооцвол 1976 оноос хойших хамгийн бага өсөлтийн түвшин юм. “Тэг-Ковид” бодлогын арга хэмжээ суларсантай холбоотойгоор БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ОУВС өмнөхөөс 0.8 нэгж хувиар сайжруулан 5.2 хувьд хүргэсэн байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оноос саарч гадаад эрэлт буурах, дэлхий дахинд үүсээд буй нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэх эрсдэл нь нөгөө талаас БНХАУ- ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 2022 онд 2.1 хувьд хүрч олон улсын шинжээчдийн төсөөллөөс  өндөр байв. Хэдийгээр өсөлт хүлээлтээс өндөр гарсан ч цаашид тус улсын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй боллоо. ОУВС-гийн төсөөллөөр 2023 оны өсөлтийг 0.5 хувь болгож өмнө тооцоолж байснаас 1.9 нэгж хувиар бууруулжээ. Дэлхийн банкны “Глобал эдийн засгийн төлөв”, ОУВС-гийн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангуудад дурдсанаар ХНБ-аас бодлогын хүүг эрчтэй нэмэгдүүлсэн арга хэмжээний нөлөө эдийн засагт энэ онд хүчтэй илрэх нь өсөлтийн төсөөллийг бууруулах гол үндэслэл болж байна. Мөн EIU-ийн шинжээчид ХНБ-ны бодлогын хүү эрчтэй нэмэгдсэн нөлөөгөөр 2023 оны эхний хагаст АНУ-ын эдийн засгийн өсөлт сөрөг түвшинд хүрч, хямрал үүсэж болзошгүй байгааг анхааруулж байна.

Дашрам сануулахад,  АНУ-ын Конгрессын  Төлөөлөгчдийн танхим “БНХАУ-ыг цаашид хөгжиж буй орон гэж үзэхгүй байх тухай” хуулийн төслийг хэлэлцэн, олонхын саналаар  батлаад буй. Энэ нь БНХАУ-ын талд таалагдахгүй байгаа нь тус улсын хэвлэлүүдийн мэдээллээс харагдаж байгаа.

БНХАУ-ын  хөгжиж буй орон гэх  статус өөрчлөгдсөнөөр  ОУВС, Дэлхийн Банк,  Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийн  банк санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах эрхгүй болох юм.  БНХАУ ийнхүү ангилал ахиж буйн нөгөө талд олон улсын байгууллагуудаас тус улсад олгодог хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүд чөлөөлөгдөж, бусад улс орнуудад ногдох зээлийн боломж нэмэгдэнэ гэж санхүүгийн байгууллагууд тодотгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top