УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.10/ хуралдаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлэл сонсжээ.
Төсөв, эдийн засгийг тогтворжуулах хүрээнд дараах бодлогуудыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Төсвийн хувьд төсвийн үндсэн тэнцлээс зээлийн хүүгийн төлбөрийг хасаад үлдэж байгаа тэнцэл нь эерэг байх нөхцөл нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Иймд инфляцыг бууруулахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай авч хэрэгжүүлнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдах ажлыг эрчимжүүлж, нэмэгдүүлнэ. Нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, цайр, жонш зэрэг экспортын гол бүтээгдэхүүнүүдийг биржээр борлуулна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх орлого нэмэгдэхээс гадна ил тод байдал бий болно. Энэ бодлогыг цаашдаа үргэлжлүүлэх нь манай улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Төсвийн тодотголтой холбоотой асуудлыг зарим гишүүд хөндсөн. Төсвийн орлого нэмэгдэх үед төсвийн тодотгол хийдэг хууль, эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого бууруулах үед төсвийн зардлыг бууруулах зорилготой төсвийн тодотгол хийх хууль үйлчилж байна. Эдийн засаг тогтворжиж, хөрс нь бат болсон гэдгийг хагас жилийн эдийн засгийн үзүүлэлт харуулна. Тэр болтол бид эдийн засгийнхаа судалгаануудыг сайн хийж, эдийн засгийн төлөв байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг сайн тооцох шаардлага байна гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэлдээ онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )