Хөгжлийн банк "Самурай" бондын төлбөрийг хийхээс өмнө ирэх аравдугаар сарын 23-нд Евро бондын 450 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.4 их наяд орчим төгрөгийн төлбөр төлөх ёстой. Үлдсэн зургааан сарын хугацаанд дахин ₮1 их наядын зээл төлүүлж чадахгүй бол дахин БОНД гаргах хэрэгцээ шаардлага үүснэ гэдгийг өмнө нь хөндөн нийтэлж байсан билээ.
Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банк энэ он дуусахаас өмнө зээлийн эргэн төлөлтөөр 400 сая ам.доллар төвлөрүүлж хүрэхгүй бол бонд гаргана. Эсвэл гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ гэсэн мэдээлэл өгч байна.
Хугацаа дөхөж буй бондын өрийг төлөх ёстой. Гэхдээ арай ядан нэмэгдүүлж буй валютын нөөцөөс хагас тэрбум шахмыг нь гадагшаа урсгах уу, эсвэл маневр хийж, шинэ бонд гаргах уу гэдэг асуудал байна.
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар 1,183.3 тэрбум төгрөг болсны 827.4 тэрбум нь бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум нь үнэт цаасаар төвлөрсөн гэж тус банкнаас мэдэгдсэн. Энэ мөнгөний зориулалт нь эхнээсээ Самурай бондын өрийг дарахад чиглэсэн. Тэгэхээр дараагийн шатны зээлийн эргэн төлөлт аравдугаар сар хүртэлх хугацаанд дахин их наядаар хэмжигдэх үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан оны өмнө мэдээлэл өгөхдөө, зээлийн эргэн төлөлтөөр 500.0 сая ам.долларын Евро бондоос хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байгаа талаар мэдэгдэж байсан. Үүний дараа Хөгжлийн банкны эрсдлийн бодлогын газрын захирал З.Батырбек "Хөгжлийн банк 2023 онд 500 сая долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр уг хоёр бондыг төлөх юм. Одоо цугласан их наяд гаруй төгрөгөөр Самурай бондын 30 тэрбум иенийг худалдан авч, тусгай дансанд байршуулсан. Өөрөөр хэлбэл, иенийн ханш бага байх үед худалдан авсан, одоо Самурай бондыг төлөхөд асуудалгүй. Мөн үлдэгдэл мөнгөөр 50 сая доллар худалдан авсан, доллар хэлбэрээр хадгалж байна. Үүнийг Евро бондын төлөлтөд зарцуулах юм. Хөгжлийн банкны 2023 оны хамгийн том зорилт бол 500 сая долларын Евро бондын үлдэгдэл 450 сая долларыг бүрдүүлэх. Ингэхдээ эргэн төлөлтийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлнэ" гэсэн мэдээллийг өгч байсан.
Улмаар Хөгжлийн банк 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Евро бондоос хугацаанаас нь өмнө 51.6 сая ам.долларын бондыг хэсэгчлэн худалдан авснаар тус бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая ам.доллар нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй боллоо хэмээн мэдэгдсэн юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Монголын Үнэн" сонинд өгсөн ярилцлагадаа Евро бондын эргэн төлөлтийг хийх асуудлаар Сангийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдан, төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хэлээд "Саяхан Засгийн газрын бондын дахин зохицуулалтын асуудал амжилттай шийдэгдлээ. Үүний араас манай “Евро” бондын асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байна" гэсэн байсан.
Хөгжлийн банкны удирдлагын байр суурийг авч үзэхэд, зээлийн эргэн төлөлт аравдугаар сар хүртэлх хугацаанд өмнөх оны түвшинд буюу нэг их наядад хүрэхгүй байлаа гэхэд бондын дахин зохицуулалт хийх хувилбарыг эхэнд тавьж буй нь ойлгогдож байна.
Сэтгэгдэл ( 1 )
ашиггүй зээл авахаа болимоор юмаа гуйлгачин шинжтэй улс болж дээ