Л.Энхбаатар: "Цемент шохой" ТӨХК-ийн ажилчид ажил хаяагүй

2023 оны 04 сарын 15

"Цемент шохой" ТӨХК-ийн ажилчид ажил хаясан эсэх асуудлаар тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Энхбаатараас тодрууллаа.


-Танай компанийнхан ажил хаялт зарласан уу, бодитой мэдээлэл өгөөч?

-Цемент шохой" ТӨХК-ийн  Үйлдвэрчний эвлэлийн хороо бол нийт ажилчдын төлөөлөл. Жирийн ажилчид бол сошиалаар явж буй мэдээллээс ангид юм. Яагаад гэвэл ажилчдын зүгээс ажил хаясан асуудал гараагүй. Тийм зүйл огт болоогүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлье.

-Олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарсан шүү дээ?

-Нэг зүйлийг тодорхой хэлье. Ажил хаялт гэдэг бол ажилтан, ажил олгогч хоёрын хооронд зөрчил маргаан үүсэж, түүнийгээ шийдвэрлэж чадаагүй, шийдвэрлэх хугацаа өгч, түүний дараа тухайн орон нутгийн засаг захиргаа, хүчний болон цагдаагийн байгууллагад бүртгүүлэн ажил хаяхаа үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан нийт ажилчдын 70 хувиас илүү хувь нь мэдэгдсэн тохиолдолд хэрэгждэг. Энэ журмын дагуу ажил хаядаг. Тэгэхээр ямар нэгэн ажил хаялт болсон юм байхгүй. Ажил хэвийн явагдаж байна.

-ТӨХ-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд хүсэлт гаргасан гэх мэдээлэл байсан?

-Б.Цэнгэл даргад хүсэлт гаргасан хүн нь би. Ингэхдээ ажилчдын төлөөлөл бүхий инженер техникийн ажилчид зардал хэмнэсэн бүтээгдэхүүний урамшуулал олгох талаар хандсан. Түүнийг нь бид дэмжиж явсан. Түүнээс биш ажил олгогч буюу  аудитын дүгнэлт, ТУЗ-ийг хуралдуулах, Л.Наранбаатар захирлыг огцруулах тухай асуудал дээр үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хэлье.

Ажилчид, ажил олгогч хоёрын хооронд эвлүүлж байдаг, эсвэл эврэлцүүлж байдаг хүн гэж явахгүй. Би инженер техникийн ажилчдаас өгсөн үр дүнгийн урамшуулал олгуулах асуудлыг л дэмжиж явсан. Төлөөлөл болох хүмүүс очиж уулзахад үйлдвэрчний эвлэлийн хороо хянаж, түүн дээр мөн төлөөлөл нь болж явах ёстой учраас энэ л үүргийнхээ дагуу явсан. Түүнээс өөрөөр, тухайлбал ажил олгогчид болоод ажилчид, эсвэл хэсэг бүлгийг төлөөлж яваагүй. Би аливаа зүйлд дүгнэлттэйгээр, шударгаар нийт ажилчдад  мэдээлэл өгөх үүрэгтэйгээр л явсан. 

Ч.ЗОТОЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top