Энэтхэгийн дундаж давхаргын тоо 10 жилийн дараа БНХАУ, АНУ-ыг давна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Арваад жилийн дараа 5 тэрбум орчим хүн дундаж давхаргад багтана  гэсэн тооцооллыг судлаачид хийгээд байна. Эдгээр хүмүүсийн 2/3 нь Ази, Номхон далайн бүс нутагт оршин суух буюу өсөлтийн дийлэнх нь Азид ногдох төлөвтэйг Стратеги судлалын хүрээлэнгийн тайланд дурджээ.

Дундаж давхаргын өсөлт нь хөрөнгө оруулалтын боломж, худалдан авах чадварыг өсгөн, дэлхий дахинд эрэлтийг нэмэгдүүлэх болно. Тиймээс дундаж давхаргын эзлэх хувь нэмэгдэх тусам эдийн засаг урт хугацаанд өсөх аж. Үүнийг дагаад улс, үндэстний дотоодод нийгмийн тогтвортой байдал хадгалагдаж, тэгш бус байдал бүдгэрч, улс хоорондын харилцаан дахь зөрчил ч саармагжих хандлага ажиглагдана. Улмаар геополитикийн таатай нөхцөл бүрдэх суурь болох юм.

Өсөн нэмэгдэж буй дундаж давхарга нь нэг талаас ийнхүү эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч байж болох ч нөгөө талаар хэрэглэгчдийн зан төлөв, хэрэглээний хэв маягийн өөрчлөлт нь 2030-2040 онуудад хүнс, ус, эрчим хүчний хэрэгцээг 35, 40, 50 хувиар тус тус нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хятад, Энэтхэг хоёр 2030 он гэхэд хамтдаа дэлхийн дундаж давхаргын хүн амын 66, дундаж давхаргын хэрэглээний 59 хувийг тус тус бүрдүүлнэ.

Хятадын хүн амын 70 гаруй хувь нь 10 их наяд ам.долларын бараа, үйлчилгээ хэрэглэдэг дундаж давхаргынхан байх бол Энэтхэг нь Хятад, АНУ- ыг давж, дэлхийн хамгийн том дундаж давхаргын хэрэглээний зах зээл болж магадгүй юм.

Хэрэглэгчийн орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээний зуршил нь өөрчлөгддөг зарчмын дагуу Хятад, Энэтхэгт хэрэглэгчид аль эрт үндсэн хэрэглээний бараа, хувцаснаас аялал жуулчлал, гоо сайхны бүтээгдэхүүн, ресторан зэрэг тансаг зэрэглэлийн бараа, үйлчилгээ рүү шилжээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top