Биржийн бус зах зээлд ₮1.02 их наядыг татан төвлөрүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Биржийн бус зах зээлийн хяналт, зохицуулалт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зах зээлийн оролцогчидтой нээлттэй хэлэлцэх, талуудын оролцоог хангасан цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох хэлэлцүүлгийг СЗХ-ноос зохион байгуулжээ.  Хэлэлцүүлэгт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), зах зээлд оролцогч андеррайтерийн компаниудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна.

Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Хорооны 2020 оны 995 дугаар тогтоолоор баталсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-аар МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хүлээсэн. Тус зах зээлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2021 оны есдүгээр сараас хойших хугацаанд нийт 74 компанийн 1.53 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 94 өрийн хэрэгсэл гарсан бөгөөд 1.02 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Харин энэ оны нэгдүгээр улиралд 16 үнэт цаас гаргагчийн 109.55 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 42 транч хэрэгслийг бүртгэж, 62.55 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Өнөөдрийн байдлаар биржийн бус зах зээлийн шууд оролцогч болох үнэт цаасны 29 компани, шууд бус оролцогч 2126 этгээд байгаа бөгөөд нийт 2,155 оролцогч байна” гэдгийг онцлон дурджээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ үеэр биржийн бус зах зээлийн хяналт, зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга, мэдээлэл өгсний зэрэгцээ оролцогчидтой санал солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлжээ. Тодруулбал, хэлэлцүүлгийн үр дүнд биржийн бус зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх, зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, биржийн бус зах зээлд оролцогч андеррайтерийн компаниуд үнэт цаас гаргагч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахад анхаарч ажиллахаар болжээ. Мөн үнэт цаас гаргагчийн санал болгож буй хөрөнгө оруулалт, бондын мэдээллийг олон нийтэд хүргэх сурталчилгааны нэгдсэн стандартыг тогтоох, санал боловсруулах зэрэг арга хэмжээг нэн түрүүнд хэрэгжүүлэхээр тогтсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top