СУДАЛГАА: Хэрэглэгчдийн хүлээлт ЭЕРЭГ төлөвт шилжжээ

2023 оны 04 сарын 19

“NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Хэрэглэгчийн итгэлийн улирал тутмын судалгааг зохион байгуулдаг. Тэгвэл энэ оны эхний улирлын судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1300 орчим иргэн хамрагдаж, эдийн засгийн өнөөгийн төлөв, ойрын ирээдүйн хандлагын талаар мэдээлэл өгсөн байна.

Тодотгоход, Хэрэглэгчийн итгэлийн индекс нь эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар  хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. Иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацаанд үнийн түвшин, валютын ханш, зээл, зээлийн хүү болон орон сууцны үнийн талаарх хүлээлт, томоохон хэмжээний худалдан авалтын төлөвлөгөөний тухай  тандаж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн эдгээр үзүүлэлтийн талаар ирээдүйн таамаглал гаргадаг судалгаа юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс болон үүнтэй  төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украин, Хонконг, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг. Эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг гэж эдийн засагчид тайлбарладаг.

Тэгвэл Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2023 оны нэгдүгээр улиралд 82.2 байгаа нь жилийн өмнөхөөс 5.0 пунктээр доогуур үзүүлэлт хэдий ч өмнөх улирлаас эрс сайжирсан байна.


Нэгдүгээр  улирлын үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулан авч үзье.

Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг Өнөөгийн байдлын индекс энэ улиралд 70.4-өөс 81.2 болж өссөн. Харин хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг Ирээдүйн хүлээлтийн индекс 65.7-гоос 82.5 болж эрс өсжээ.

 Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал

Хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж өмнөх улирлаас өссөн байна. Бизнесийн нөхцлийн талаарх үнэлэмж сайжирсан. 4.7 хувь нь бизнесийн нөхцөл “сайн” гэж хариулсан нь 1.9 пунктээр өндөр байна. 61.4 хувь нь бизнесийн нөхцөл “муу” гэж хариулсан бөгөөд энэ нь 8.3 пунктээр доогуурбайна. Хэрэглэгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ ч мөн сайжирчээ. 25.8 хувь нь ажлын олдоц “элбэг” гэж хариулсан нь өмнөх улирлаас 3.1 пунктээр өндөр, 42.1 хувь нь ажил олоход “хэцүү” гэж хариулсан нь өмнөх улирлаас 0.4 пунктээр өндөр байна.

Эдийн засгийн ойрын ирээдүйн хүлээлт

Хэрэглэгчдийн эдийн засгийн ойрын ирээдүйн талаарх хүлээлт эрс сайжрахад бизнесийн нөхцөл, ажлын олдоц, орлого сайжирна гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Хэрэглэгчдийн 11.7 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “сайн” байна гэж хариулсан нь өмнөх улирлаас 2.9 пунктээр өндөр, 32.7 хувь нь бизнесийн нөхцөл “муу” байна хариулсан нь өмнөх улирлаас 4.8 пунктээр доогуур байна. Хэрэглэгчдийн 20.5 хувь нь орлого өснө гэж үзсэн нь 5.8 пунктээр өндөр, 16.7 хувь нь орлого буурна гэж үзсэн нь 4.5 пунктээр доогуур байна. 21.8 хувь нь ажлын олдоц сайжирна гэж үзсэн нь 2.4 пунктээр өндөр байгаа бол 18.8 хувь нь муудна гэж үзсэн нь 3.4 пунктээр доогуур байна.

Хэрэглэгчийн итгэл ба эдийн засгийн өсөлт

Хэрэглэгчийн итгэлийн индексийг олон улс орнууд үнэлж мэдээлдэг бөгөөд тухайн орны эдийн засгийн төлөв байдлыг сайн харуулж чаддаг гэж үздэг. Монгол Улсад ч ХИИ-ийг улирлаар үнэлж эхэлснээс хойшхи динамикийг харвал эдийн засгийн өсөлттэй ойрхон хамааралтай байна. ХИИ-ийн индекс хэвийн буюу 100 ба түүнээс дээш утгатай улирлуудад эдийн засаг дунджаар 6.1 хувийн өсөлттэй байсан бол ХИИ 100-гаас бага утгатай улирлуудад эдийн засаг 2.6 хувийн өсөлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top