“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 10 жил ажилласан Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Монголын Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээн ажиллах шинэ гишүүнээр Жамбалдоржийн Таныг томилуулахаар нэр дэвшүүлснээ Засгийн газраас өнөөдөр мэдэгдлээ.
Ингэснээр сүүлийн таван сарын дотор “Оюу Толгой”-н ТУЗ дахь Монголын Засгийн газрын хоёр төлөөлөл солигдож байна. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнийг З.Ган-Очир гишүүний оронд томилсон юм.
“Оюу Толгой”-н ТУЗ-д манай талаас ийнхүү халаа сэлгээ хийж буйгаас гадна айлын тал ч шинэ томилгоо хийгээд байгаа юм.
Тодруулбал, "Рио Тинто" групп "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан авч, тус компанийг 100% эзэмшигч нь болсноор, Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болсон. "Туркойз Хилл Ресурс" хаалттай компани болж, "Рио Тинто"-гийн охин компани болсон юм. Ингэснээр "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлдөг хоёр гишүүний хувьд хараат бусаар ажиллах шаардлагагүй болсон юм. Уг шийдвэр гарахаас өмнө "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлөн компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибоу, компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар ажиллаж байсан.
Тэгвэл одоогийн байдлаар Стив Тибоу ажиллаж байна. Харин Люк Колтоны оронд Сүхбаатарын Мөнхсүх ажиллаж эхэлжээ. С.Мөнхсүх нь 2021 оны гуравдугаар сараас “Рио Тинто”-гийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн аж.
Тодотгоход, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлж ажилладаг гэсэн мэдээллийг “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс өгдөг. Гэхдээ бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ гүйцэтгэх удирдлагад хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.
Тухайлбал, Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай гэхчлэн зарчмын асуудлуудыг Оюутолгойн хэлэлцээний ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо өмнө нь хэлж байв. Мөн 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан “Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан талаар 2021 оны 11 дүгээр сард хэлж байсан юм.
Тэрбээр “ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. “Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.
Түүнчлэн хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон гэж ойлгогдож буй “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирал нь ТУЗ-ийн гишүүнээр ирсэн бол түүний араас “Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Тана ирж байна. Түүний ажлын туршлагыг харахад, 2011-2012 онд “Рио Тинто”-гийн Австрали дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээчээр, 2013-2015 онд “Оюу Толгой” компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр ажиллаж байсан байна.
Тэгэхээр тэрбээр хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч айлын талтай ч ойр ажиллаж байжээ.
“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулъя
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА - ГАЛСАНГИЙН БАТСҮХ
Галсангийн Батсүх 2010 оны зургадугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.
Г.Батсүх 2010 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (“Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЭЛИАС СКАФИДАС
Элиас Скафидас нь 2018 оны есдүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинтогийн Зэсийн группийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Элиас нь Гвиней Улсын Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тэрээр Рио Тинто группийн Компанийн хөгжил болон Санхүүгийн албадаас гадна “Төмрийн хүдэр”, “Очир эрдэнэ ба ашигт малтмал”, “Эрчим хүч ба ашигт малтмал” зэрэг салбар нэгжид нийт 15 жил ажилласан бөгөөд Рио Тинтод ажиллахаасаа өмнө аж ахуйн нэгжийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан.
Элиас нь Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд байхдаа Чиналко тэргүүтэй Хятадын төрийн өмчит компаниудын консорциумтай хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээг амжилттай удирдсан. Тэрбээр мөн 2008 оноос хойш БНХАУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж, компани нэгтгэх, худалдан авах, зарим салбар нэгжийг зарах, Хятадтай харилцах стратеги боловсруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, түүний яриа хэлэлцээг өрнүүлэх, төслийн санхүүжилт ба хөрөнгө босгох ажлыг хариуцах, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын ажлуудыг гардан зохион байгуулах зэрэг чиглэлүүдээр ажиллаж ирсэн.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН – СҮХБААТАРЫН МӨНХСҮХ
С.Мөнхсүх нь 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдсон. С.Мөнхсүх одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Австрали Улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.
Тэрбээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байсан. Тэрээр Бостоны Зүүн хойд Их Сургуулийг Санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЭНХБААТАРЫН БАЯСГАЛАН
Э.Баясгалан нь 2020 оны арваннэгдүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоос өмнө АНУ-ын Нью-Иорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан.
Э.Баясгалан нь “Жэй-Пи Морган Секюритийз”-д ажиллаж байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдаж авах болон компанийн зээл ба хувьцаа арилжаанд гаргах хэлцлүүдийг гүйцэтгэхэд амжилттай манлайлан оролцож байсан. Тэрбээр Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - СТИВ ТИБОУ
Стив Тибоу 2015 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдсон.
Тэрбээр Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс өмнө Туркойз Хилл Ресурс компанийн Санхүү хариуцсан захирлаар 2014 оны зургадугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байсан. Стив нь санхүү, компанийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүний хувьд 2009 оны наймдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Австралийн “Энержи Ресурсиз” компанид Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Рио Тинто Алкан болон Алкан Алюминум Лимитид компанид уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр удирдах алба хашиж байв.
Стив 1981 онд Université du Québec à Chicoutimi-г Санхүүгийн мэргэжлээр, 1990 онд Монтреал дах École des Hautes Études Commerciales-г Нягтлан бодогч мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн захирлуудын институтийн гишүүн юм.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР
Дэйрдрэ Лингенфэлдер нь 2022 оны гуравдугаар сард “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч билээ. Тэрээр 2017 оноос эхлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн таван жилийн турш хашсан.
Дэйрдрэ Рио Тинто группд ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрбээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан.
Тэрбээр Йоханнесбургийн их сургуульд Худалдааны болон Шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН – НАМСРАЙН ЦЭРЭНБАТ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШСЭН ЖАМБАЛДОРЖИЙН ТАНА
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Сэтгэгдэл ( 3 )
Mongoliin talas ajiliin turshlaga yu ch alga da. Ed nar Mongoloos oor gazart bsn bol dund shatnii l mergejiltenguud bh bsn. 10n jiliin dadlagach alga uul uurhaigaar
Бүх сайт нь магтаад эх орны үнэр түй ч алга. Дээрээс нь ашиггүй ажиллаад байгаа өрөө төлж дуусаагүй байгаа, тийм бол уурхайгаа зогсоогооч том гүрний хулгай далдлах гэж 30жил нийллээ. Монгол хүний иргэн бүрийн баялаг хөрс шороо та нарынх биш.
Энэ дотор Монголын талыг төлөөлсөн ганц хүн байна. Тэр нь эргүү Цэрэнбат. Бусад нь БҮГД РИО тинтогийн тэжээвэүүд байна шүү дээ. Бүгдийг нь РИО ТИНТО сургуульд явуулж, ажилд авч ажлын гарааг нь эхлүүлж бүгдийг нь ТЭЖЭЭЖ өсгөсөн гөлөгнүүд нь байан. Оюунэрдэнэ гэж үнэн ЭРГҮҮ нөхөр юмаа. 100% РИО ТИНТО д базуулсан Засгийн газар. Түй черт.