Монгол Улс энэ оны эхний улиралд нийт 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар,импорт 1.9 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 (57.9%) тэрбум ам.доллароор, экспорт 1.8 (96.0%) тэрбум ам.доллароор, импорт 248.9 (14.7%) сая ам.доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 3 дугаар сард экспорт өмнөх сараас 354.7 (30.4%) сая ам.доллароор, импорт 231.3 (45.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний улиралд 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч,өмнөх оны мөн үеэс 1.6 (7.9 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Харин гуравдугаар сард 779.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 123.4 (18.8%) сая ам.доллароор өссөн байна.
БНХАУ-тай энэ оны эхний улиралд 4.2 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 74.1 хувийг эзэлсэн үзүүлэлт.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 63.0 хувийг чулуун нүүрс, 18.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлж байна.Экспорт оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрсний 1.6 тэрбум ам.доллароор, цайрын хүдэр, баяжмал 56.9 сая ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмал 52.0 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 51.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ гуравдугаар сард өмнөх сараас тонн тутамд 54.8 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.2 ам.доллароор, алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 3.0 мянган ам.доллароор тус тус өсжээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ гуравдугаар сард 5.9 сая тонн болж, өмнөх сараас 1.6 сая тонноор,үнийн дүн 975.5 сая ам.доллар болж, 272.4 сая ам.доллароор өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )