Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх нь бидний гарц

2023 оны 04 сарын 20

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Шинэ сэргэлт монголчуудын, улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцолж байлаа.

Тэрбээр:

-Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид нүүрс, зэс дээр тогтдог эдийн засагтай. Энэ агуулгаараа түүхий эдийн үнэ бидний амьдралд, эдийн засагт шууд нөлөөлдөг. Нөгөө талаараа бид хөгжлөө урт хугацаанд төлөвлөхөд ч сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ энэ тогтворгүй, гадаад хүчин зүйлээс хамааралтай асуудлыг бид цахим технологи, ухаалаг шийдлээр давж гарах эхлэлийг тавьж байна.

Монгол Улсыг нэг айл гэж авч үзвэл, урсгал зардал 80 хувийг, хөрөнгө оруулалт 20 хувийг л эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч адил. Тиймээс бид урсгал зардлаа хэрхэн багасгах вэ, хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ингэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, төрийн хийж чадахгүй байгааг хувийн хэвшил хийх боломжийг бүрдүүлэх нь бидний гарц. Улаанбаатар хотын хувьд ч томоохон бүтээн байгуулалт, асуудлыг шийдэх төсөл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах, хамтдаа шийдэх, миний чиний бус, бидний гарц гэж харж байж шинээр сэргэнэ хэмээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top