IPO: Босгосон хөрөнгийн хэмжээгээрээ АНУ Хятадын дараа ордог

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Дэлхийн хэмжээнд 2000-2020 онд банкны салбарт 305 IPO гарч, нийт 218.0 тэрбум ам.долларын санхүүжилт татжээ. Энэ хугацаанд  банкны IPO гарган татан төвлөрүүлсэн санхүүжилтийн хэмжээг газарзүйн байршлын хувьд авч үзвэл 49 хувийг БНХАУ, удаах 15 хувийг Европын холбооны улсууд эзэлж байна.

Хятадын банкууд санхүүгийн зах зээлд хувьцаагаа байршуулах замаар санхүүгийн эх үүсвэр үүсгэсээр байна. Ер нь тус улс зөвхөн банкны IPO төдийгүй нийт IPO-ийн зах зээлд амжилт тогтоосон арилжааг хийж байсан. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын байдлаар олон улсад IPO гаргаж хамгийн өндөр дүнтэй санхүүжилт татан төвлөрүүлсэн шилдэг 20 компанийн жагсаалтад Хятадын 2 банк багтсан байна.

Энэхүү жагсаалтын 10 дугаарт Шанхайн хөрөнгийн бирж болон Хонконгийн  хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын Аж үйлдвэр, худалдааны банк (ICBC) 2006 онд IPO гаргаж 13.96 тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлснээр, Хөдөө аж ахуйн банк нь 2010 онд IPO гаргаж 10.42 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснээр тус жагсаалтын 18 дугаарт жагсжээ.

Хятад улс 2002 онд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсны дараа Хятадын Засгийн газар банкны салбарыг либералчлах чиглэлийг тодорхойлсон. Төрийн банкны бодлого банкуудын ашиг орлого олох, чанаргүй зээлийг бууруулахад чиглэсэн.

Банкуудын хугацаа хэтэрсэн зээлийн хувь өндөр байсан бөгөөд зээлийн хэмжээ нь нийт активын 11-15 хувьд хүрч байжээ.  Иймээс банкууд үнэт цаас гаргах замаар хөрөнгө татсан нь санхүүгийн тогтвортой байдал, ил тод байдлыг нэмэгдүүлсэн шинэ ажил болжээ.

IPO хийсэн тоогоор АНУ нэгдүгээрт бичигддэг ч нийт босгосон хөрөнгийн хэмжээгээрээ АНУ Хятад улсын дараа ордог. АНУ-ын IPO хэлцлийн дундаж 153.0 сая ам.доллар, дундаж үнэ нь 55.0 сая ам.доллар байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин бага байна. Гэсэн хэдий ч АНУ-ын банкны IPO зах зээлийн төлөв байдлаас үл хамааран тогтвортой гардаг нь сонирхолтой үзүүлэлт болохыг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлд дурджээ.

АНУ-ын хоёрхон банк IPO хийхдээ 1 тэрбум гаруй ам.доллар босгосон нь CIT Group 2002 онд 4,600 сая ам.долларын хувьцаа арилжиж байсан бол Eastern Bankshares 2020 онд 1,792.0 сая ам.долларын санхүүжилт босгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top