Удирдлагын баг нь шинэчлэгдсэн "ҮЦТХТ" олон улсын стандарт хангаж ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь санхүүгийн зах зээлийг эрүүл бүтэцтэй болгохоос гадна том зургаараа эдийн засгийн дархлааг сайжруулах ач холбогдолтой талаар олон жил яригдсан.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээлийн багтаамж тэлж, эдийн засаг дахь нөлөөлөл  ч өссөөр байна. Үүнтэй зэрэгцэн энэ салбарт чухал үүрэгтэй байгууллагуудын ач холбогдол илүү тод харагдаж буй.

Тухайлбал, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг энд дурдах хэрэгтэй юм.

Үүх түүхийг нь харвал, 1991 онд Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдахад “Төлбөр тооцоо хадгаламжийн алба” нэртэйгээр  үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани  Засгийн газрын 2003 оны 72 тоот тогтоолоор “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бие даасан байгууллага болон өргөжиж, үнэт цаасны бүртгэл, хадгаламж болон төлбөр тооцооны  үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байв.

Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 147 тоот тогтоолын дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг  “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК болгон хуваасан.

"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь “Үнэт цаасны тухай хууль”-д зааснаар Үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг эрхлэх, биржийн болон биржийн бус арилжааны өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх, кастодианы үйлчилгээг хавсран эрхлэх  эрх бүхий өөрийгөө зохицуулагч хуулийн этгээд юм.

Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд ийм чухал үүрэг хүлээдэг тус компанийн удирдлагын баг шинэчлэгдээд буйг тодотгоё.

Сануулахад, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн ТУЗ энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 100 хувийн саналаар гаргасан байдаг. 

ТУЗ хуралдаж, уг шийдвэрийг гаргах болсон нь компанийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн арга хэмжээ болсныг ТУЗ-өөс тайлбарлаж байв.

Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хоёр сар гаруйн хугацаанд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төлбөр тооцоонд үүссэн алдаа, түүнээс үүсч болох цаашдын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг  яаралтай хэлэлцээд,  өнгөрсөн хоёр сарын хугацаанд төлбөр тооцоонд алдаа үүсээд байхад гүйцэтгэх удирдлага Ш.Лхагва нь шуурхай удирдлагаар хангаж ажиллах, үүргээ биелүүлээгүй учраас түүнд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн байдаг.

Ш.Лхагвын хувьд ТУЗ-ийн шийдвэрийг үл зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч компанийн ТУЗ цаг алдалгүй арга хэмжээ авснаар энэ чухал байгууллагын үйл ажиллагаа өдгөө хэвийн явагдаж байна. 

Тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхсайханы байр сууриас хүргэе.

Тэрбээр "Миний бие компанийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгож үйлчлүүлэгчид болон хамтран ажилладаг байгууллагуудад хүртээмжтэй, Олон Улсын санхүүгийн зах зээлийн стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд илүү анхаарч ажиллахыг хичээнэ.

Ингэхдээ дотоодын нийгэм, эдийн засаг болоод дэлхий дахинд өрнөж буй үйл явцыг соргогоор мэдэрч, аливаа асуудал, бэрхшээлийн шийдлийг бүтээлчээр эрэлхийлэн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үнэ цэнтэй ажил хэрэгжүүлэхийг зорино.

Түүнчлэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж буй хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг хувьцаат компанийн болон түүний хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг найдвартай хамгаалан хадгалж, үнэт цаасны бүртгэлийг үнэн зөв хөтлөх, гарсан алдаа, бэрхшээлийг засаж залруулах замаар үйлчлүүлэгч та бүхний итгэлийг олно гэдэгтэй итгэлтэй байна.

Цаашид улс орныхоо хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадвар, цаашлаад даян дэлхийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах шинэ үеийн хөрөнгө оруулагч, энтрепренюр сэтгэгчид, инновац хөгжүүлэгчид, хувьцаат компани болон хөрөнгийн зах зээл дээрх хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудад манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(103.57.95.188) 2023 оны 05 сарын 01

estoi hamgiin hotsrogdson baiguullaga ene snuu

0  |  0
Top