Хөрөнгийн зах зээл хөгжих нь эдийн засагт чухал нөлөөтэй. Түүнчлэн энэ салбарт оролцогч компаниуд, зохицуулагч байгууллагуудын аль аль нь хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Гэтэл Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Атар өргөө” ХК-тай холбоотой таагүй мэдээллүүд улам нэмэгдэх боллоо. Тус компани сүүлийн жилүүдэд ногдол ашиг тараахаа больж, компанийг ашиггүй ажилласан мэтээр тайлан гарган, зориудаар дампууруулах үйл явцыг зохион байгуулж, хуйвалдсан гэх асуудлууд өнгөрсөн саруудад олонтаа яригдсан.
Ямартаа л компанийн жижиг хувьцаа эзэмшигчид энэ оны хоёрдугаар сард эрх ашгаа хамгаалахаар нэгдэн, Түр хороо байгуулсан байдаг.
Гэвч бодит байдал дээр “Атар өргөө” ХК-ийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлагууд хууль бус үйлдлүүдээ үргэлжлүүлсээр, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг гишгэлсээр байна.
Сүүлийн жишээг дурьдая. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд хуулийн дагуу тухайн жилийнхээ тайлангийн хурлыг дөрөвдүгээр сард багтан зохион байгуулах ёстой байдаг. Энэ дагуу өнгөрсөн сарын 28-нд “Атар өргөө” ХК ээлжит хурлаа хийсэн. Хуралд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах Түр хорооны гишүүд, зарим хувьцаа эзэмшигчид оролцсон ч том хувьцаа эзэмшигчид тэдний саналыг огт хүлээж аваагүй байна.
Сануулахад, компанийн одоогийн удирдлагууд “Атар өргөө” ХК-ийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгож, компанийн хэлбэрийг өөрчлөхөөр хурал зарласан боловч Санхүүгийн зохицуулах хороо уг хурлаа цуцлах, зохион байгуулахгүй байхыг хуулийн дагуу үүрэг болгосон байдаг. Гэсэн ч зохицулагч байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг үл тоон, дахин хурал зарлаж байсан билээ.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны үүрэг даалгаврыг үл тоодог хандлагаа “Атар өргөө”-гийн удирдлагууд тайлангийн хурал дээрээ ч давтан харууллаа. Учир нь хөрөнгийн зах зээл дээрх нээлттэй арилжаанаас хууль дүрмийн дагуу худалдан авсан хувьцаатай, хувьцаа нь хүчин төгөлдөр саналын эрхтэй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулчихсан хувьцаа эзэмшигчийг хуралд оролцуулж, саналыг нь авахаас татгалзлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг үзүүлсэн ч үл тоосны сацуу ТУЗ-ийн гишүүн нь “Санхүүгийн зохицуулах хороо 100 сая төгрөгөөр албан бичиг гаргаж өгдөг” гэсэн нь анхаарал татаж буй юм.
Хуулийн дагуу үүрэг хүлээсэн, төрийн зохицуулагч байгууллагыг “аливаа шийдвэрийг дамладаг” гэсэн агуулгаар хэлж ярьсан гэж ойлгогдож байна. Тиймээс үүнд нэг талаас Санхүүгийн зохицуулах хороо тайлбар өгөх ёстой. “Атар өргөө” компанийн ТУЗ-ийн гишүүн ч хэлж ярьсан зүйлийнхээ үнэн бодит эсхүл худал ташаа эсэхэд дахин тайлбар өгөх шаардлагатай юм.
Тодотгоход, “Атар өргөө” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Бэрэн групп” юм.
Хөгжлийн Банкнаас арматурын үйлдвэрт зориулна хэмээн хоёр удаа зээл авсан ч “Атар өргөө” зэрэг ХК руу 5,7 сая ам.доллар, хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд 1,5 сая ам.доллар шилжлүүлж, нийт 7,2 сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал нь Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр ил болсныг сануулъя.
Түүнчлэн “Атар өргөө” ХК-ийн хэлбэрийг хууль бусаар өөрчлөн, ХХК болгох гээд буйн учиг шалтгаан нь том хувьцаа эзэмшигчийн өр ширийн асуудалтай холбоотой талаар ч яригдаж байна. Ямар ч байсан “Атар өргөө” ХК-ийн 49 хувийг эзэмшигч 300 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдэд эрх ашиг гэж юм байхгүй гэдэг нь том хувьцаа эзэмшигчийн удаа дараагийн үйлдлээр баталгаажлаа. Гол нь Санхүүгийн зохицуулах хороо гээд зохицуулагч байгууллага болон дагаж мөрдөх ёстой хууль, дүрмүүд хэчнээн байгаад “Атар Өргөө”-д огт үйлчлэхгүй байгаа нь харамсалтай юм.
Сэтгэгдэл ( 3 )
atar orgoo zahiral alusan abart orj uhsene genee. reekt bimbadorjo dongo donj niled atar orgoo zahiarl alsan gedinma
atar orgoo HK neg korea darga zahiral alulsan
Huvitsaa ezemshigchdiin hurls ogt hiideggui, noogdol ashig taraadaggui TUZ-d jijig huvitsaa ezemshigchdiin tuleelel baihguiene jl TUZ noogdol ashig taraahguigeer shiidsen gej zuragtaar heleed bolchihdog Jenko Tur de burp gej ” huvitsaa kompani” baidag gedgiig SZHoroo ,meddeg bolov uu?