Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарч өөрийн гэсэн үндэсний системтэй болох зайлшгүй хэрэгтэй байгааг энэ салбарын эрдэмтэн судлаачид хэлдэг. Тэгвэл энэ шаардлагад төгс нийцсэн эрчим хүчний ухаалаг системийг бий ШУТИС-ийн багш нар, монгол инженерүүд хамтран бий болгожээ.Үүнийгээ өчигдөр “Цахилгааны хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын системийн программчлалыг танилцуулах өдөрлөг-хэлэлцүүлэг”-ээр олон нийтэд мэдээлсэн юм.
Тодруулбал, тэд цахилгаан эрчим хүч бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, цахилгаан эрчим хүч дамжуулалтын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор тоолуурын системийн “Intelligent Management System” хөгжүүлж байна. Ингэснээр иргэн, аж ахуй нэгжүүд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ гар утсаараа болон компьютероор хялбар аргаар бүртгүүлж, хянах, төлбөр тооцоо хийх боломж бүрдэж байна. Тодруулбал, файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерын файлыг харах, сонирхсоноо хуулах, засварлах, хянах боломжийг олгох ажээ. Ялангуяа эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх гэж байна гэж бидний олон жил ярьж, бичсэн мөнхийн сэдэв, улс орны тулгамдсан асуудалд цэг тавина гэсэн үг.
Өнөөдөр статистик сөхвөл эрчим хүчний хэрэглээ нь жилд хоёр хувиар өссөөр ирсэн гэсэн мэдээ байна. Гэсэн атал үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэж буй эрчим хүчнийхээ 10-12 хувийг дотооддоо зарцуулдаг. Дээр нь үнэ чөлөөлдөггүй, иргэд, аж ахуй нэгжүүд цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлдөггүйгээс энэ салбар байнга алдагдал хүлээж иржээ. Өнгөрсөн онд гэхэд л 114 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Нарийвчлаад үзвэл, 2022 оны жилийн эцсийн дүнгээр эрчим хүчний салбар 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч түгээсэн. Үүний 79.3 хувь буюу 8.18 тэрбум кВт.ц-ийг дотоодын эх үүсвэрээс, 20.7 хувь буюу 2.14 тэрбум кВт.ц-ийг импортын цахилгаан эрчим хүчээр хангажээ. Импортын цахилгаан эрчим хүчний 32.9 хувийг ОХУ-аас, 67.1 хувийг БНХАУ-аас авдаг. Тэгвэл эрчим хүчний сүлжээнд ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлж, Монгол Улс даяар хэрэгжүүлэх юм бол эрчим хүчний алдагдлаас гарах, дотоодынхоо аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний дархлаа бий болох ажээ. Энэ талаар эрдэмтэн судлаачид, инженерүүдийн байр суурийг тодрууллаа.
Б.ОЧХҮҮ: ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОНО
/IMS төслийн менежер/
-Эрчим хүчний салбарт ухаалаг системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу вэ?
-Манай эрчим хүчний системийн давуу тал нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн, ямар нэгэн брэндийн гэх юм уу гаднаас шалтгаалах зүйлгүй, нэмж өргөтгөх боломжтой гэдгээрээ маш том давуу талтай. Улс орны хувьд ямар нэгэн брэндэд ч юм уу, аль нэг зүйлд захирагдаад явахаар хэн нэгнээс хамааралтай болчихоод байдаг. Тэгвэл манай энэ систем нь ШУТИС-ийн багш нар, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийнхэн ажилтнууд, IT салбарынхан хамтарч бүтээсэн үндэсний хэмжээний ухаалаг систем юм. Цаашлаад бид эрчим хүчний ухаалаг удирдлагын системийг бий болгохоор ажиллаж байна.
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд хоёр хувиар өсөж байгаа.
-Эрчим хүчний хэрэглээ өсөхөөс гадна энд алдагдсан боломж нь юу вэ гэвэл эрчим хүчний алдагдал манай улсын хувьд асар өндөр байдаг. Жишээлбэл, станцуудын хувьд нийт хэрэглээнийхээ үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 10-12 хувийг зөвхөн дотоод хэрэгцээндээ зарцуулдаг. Үүнийг хэрхэн бууруулах вэ гэхээр хуучирсан технологийг шинэ тоног төхөөрөмжөөр солино. Мөн мэдээллийн технологийн IT дээр суурилсан ухаалаг шийдлээр эрчим хүчний алдагдлыг бууруулах боломжтой. Тэгэхээр жилд хоёр хувиар өсөж байгаа тэр хэрэглээ нь манай системийг суурилуулснаар дотоод алдагдлыг бууруулах, хяналтыг сайжруулахаараа ач холбогдолтой.
-Ухаалаг системийг Монгол Улсад ямар хугацаанд нэвтрүүлэх бол?
-Суурь систем дээр манай баг гурван жил тасралтгүй ажиллаж байж эхний үр дүн гарч байна. Ер нь бол суурь системийг явуулахын тулд эрчим хүчний салбар өөрөө төрөөс хамааралтай байдаг учраас төр, хувийн хэвшил зайлшгүй хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. Хугацааны хувьд миний бодож байгаагаар буюу урьдчилсан тооцооллоор ухаалаг систем нэвтрээд 2-3 жил байх болов уу.
-Эрчим хүчний үйлдвэрүүд гаргаж буй эрчим хүчнийхээ 10-12 хувийг өөрсдөө дотооддоо зарцуулдаг гэсэн. Энэ алдагдлыг хэрхэн бууруулах бол?
-Үндсэн тоног төхөөрөмжийг сольсноор алдагдлын хэмжээ тодорхой хувиар буурна. Жишээ нь, үүнийг өвчинтэй жишиж үзвэл хаана бидний асуудал байгаа юм бэ гэдэг нь техник, төхөөрөмжийг ашигласнаар тодорхой болох юм. Монгол Улс жилийн жилд ухаалаг эрчим хүч, ухаалаг хот гэсэн бодлого, төлөвлөгөө гаргадаг. Яс юман дээр ухаалаг болох суурь дэд бүтцийг эхний ээлжинд бид бий болгочихоод байна. Үүнд нэн тэргүүнд юу чухал вэ гэвэл ухаалаг хяналт хэрэгтэй. Иймд ухаалаг эрчим хүчний системийг ухаалаг хяналтаас эхлүүлье гэж үзээд, эхний ээлжинд хэмжүүрийн хэрэгсэл буюу айл өрхийн тоолуурын хэрэгслээс эхлэх, цаашлаад түүнийг алсын зайнаас удирдах, асааж унтраадаг болох, төлбөрийн системтэй холбох, мэдээлэл, технологийн салбаруудтай хамтрах үндэсний нэгдсэн том эко системийг бүрдүүлэх эхний алхмыг бид түүчээлж, хамтдаа өсөж хөгжье, бид Монголдоо чадна гэсэн чин сэтгэлээр ажиллаж байна.
Х.ИДЭР:НЭГДСЭН ПОРТАЛ ҮҮСГЭХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА
/ШУТИС-ийн харьяа Уул аймаг дахь ИДМСК-ийн багш, докторант/
-Ухаалаг системийг ашигласнаар эрчим хүчний алдагдлыг хэрхэн бууруулах вэ?
-Өнөөдөр Монгол улсын хэмжээнд эрчим хүчний салбарт анхаарах ёстой нэг асуудал нь алдагдал өндөр, нөгөөтэйгүүр технологитой холбоотой. Бидний хөгжүүлж байгаа программ хангамж нь технологи тал руугаа, тухайлбал монгол инженерүүд хиймэл оюун ухаанд суурилсан чиглэлд ажиллаж байна. Нөгөө талаас цахилгаан хэмнэх болон шинэ тоолуурууд гэхчлэн олон урсгал ороод ирчихсэн явж байгаа. Үнэ өртгийн хувьд ч гэсэн 220-380 В-ын тоолууруудад өртөг харилцан адилгүй байдаг. Энэ төхөөрөмжүүдээр цаашид явах боломжгүй үед бага үнэтэй тоолууруудаас орчин үеийн ухаалаг тоолуурын хэмжээнд мэдээллээ цуглуулаад, түүнийгээ виртуал программчлал руу оруулж, алдагдлыг давхар тооцдог, захиалга, тасалдлуудыг өгөх нэгдсэн портал үүсгэх зорилготой ажиллаж байна.
-Дархан-Уул аймгийн хувьд байцаагч явж тог тасалдаггүй, нийтээрээ автомат системд шилжчихсэн. Энэ тохиолдолд шинэ системийг нэвтрүүлснээр эрчим хүчний алдагдлыг бууруулахаас гадна ямар давуу тал бий болох вэ?
-Эрчим хүчний алдагдал олон зүйлээс хамаарна. Дархан, Сэлэнгийн бүсэд энэ салбарт анхдагч болж хэрэгжүүлсэн. Гэхдээ тоолуур, үйлдвэр талд нэлээд хөгжүүлсэн, алдагдал бол зөвхөн хэмжих хэрэгсэл биш шугам сүлжээний бүтцээс ихээхэн хамаардаг.Түүнийгээ зөв чиглэлд нь шийдсэн, алдагдлаа тодорхой хэмжээнд бууруулсан. Аймгуудыг энэ чиглэлд шилжүүлэхийн тулд инженер техникийн ажилтнууд тал талд өөр, өөрийн санаагаар ажиллаж байгаа. Түүний нэг хувилбар нь өнөөдөр мэдээллийн технологиуд түлхүү ашиглагдаж байгаа. Тоног төхөөрөмжүүд нь ч энэ тал руугаа орж ирж байгаа учраас энэ чиглэлд нарийвчлан судлах, мөн программ хангамжуудыг монгол инженерүүд өөрсдөө бүтээж, тухайн орон нутгийн онцлогт тохирсон байдлаар шийдлүүдийг гарган хөгжүүлж байна.
Д.АМАРСАНАА: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНДЭСНИЙ СИСТЕМЭЭ ХАМГААЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
/"Ханап хангал зээрд" компанийн гүйцэтгэх захирал/
-Монгол Улсын эрчим хүчний систем дээр тоолуур, хэмжих хэрэгслүүдэд гадны буюу хөндлөнгийн нөлөөллийн программуудтай. Тэгэхээр бидний өөрсдийн аюулгүй байдал болох эрчим хүчний системээ хамгаалах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, өөр өөр газруудаас тоолуур орж ирсэн ч бид Монгол Улсын хэмжээнд өөрийн эрчим хүчний системийг хамгаалж авч үлдэхгүй бол болохгүй. Ийм эрсдэлт байдалд хүрсэн учраас цахим шилжилтийн процессын дагуу хамгийн анхны хэмжих хэрэгслүүд буюу айл өрхүүдийн тоолууруудын мэдээллийг нэгдсэн цахим систем рүү татах боломжуудыг бид бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр түгээх компаниуд болон хэрэглэгчдийн хоорондын заалтын маргаан, мөнгө төгрөгийн асуудлыг бодит байдлаар шууд хянах учир зохицуулах боломжууд үүснэ. Дараагийн нэг асуудал нь дуудлага буюу гэмтэл саатал гарсан үед айл нь эзэнтэй байна уу, эзэнгүй байна уу хамаагүй тоолуураас мэдээлэл авч чадаж байгаа учраас асуудлыг шуурхай ажиллагаагаар шийдэх боломжууд бий болно. Мөн чанартай эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээх нөхцөл бүрдэнэ. Иймд Монгол Улс даяараа нэгдсэн системтэй болох нь чухал.
-Үр дүнг шаталсан байдлаар урьдчилж тооцсон уу?
-Тоолуурын мэдээллийг нэгдсэн систем дээр хянаад, алдагдал хаанаас гарч байна, юунаас болж үүсэж байна гэдгийг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, хянах боломжуудыг бүгдийг бүрдүүлчихэж байгаа юм. Тиймээс алдагдлыг бууруулах боломжтой гэж тооцож байгаа. “Алсаа хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого дахь “Эрчим хүчний сэргэлт”-д энэ бүхэн үр нөлөөгөө өгнө гэж найдаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )