Банк биш Өр барагдуулах алба болж хувирсан Хөгжлийн банкийг татан буулгах нь үр ашиггүй гэж үзжээ

2023 оны 05 сарын 04

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 14 дэх өдрөө үргэлжилж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж буй зээлдэгчдийн мэдүүлгээс үзэхэд хууль бус үйлдэл хийсэн нь ч байна, эсрэгээрээ бизнес хийх гээд зээл авсныхаа төлөө нийгмийн ялтан болчихлоо гэж өөрийгөө өмгөөлөх хэсэг нь ч байна.

Ямар ч байсан энэ гэм буруугийн шүүх хурлын эцэст нь хэн хэн нь гэм буруутны хувиар цаашид үргэлжлэн хуулийн байгууллагын үүд сахих вэ гэдэг нь тодорхой болох биз ээ.

Уг шүүх хурал үргэлжилсэн өнгөрсөн өдрүүдэд Хөгжлийн банктай холбоотой үйл явцууд ч өрнөж байна. Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгахаар УИХ-аас байгуулагдсан Түр хороо татан буугдлаа. Засгийн газар Хөгжлийн банкны нөхцөл байдлыг хэлэлцлээ.

Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг  УИХ-д хүргүүлэхээр болсон. Засгаас Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгасан.  Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгоод байна.  

Тэгэхээр үйл ажиллагаа нь хэвийн байсан бол эдийн засагт эерэг нөлөө дагуулах  төсөл, хөтөлбөрүүдэд зээл олгоод байж байх учиртай Хөгжлийн банк бүтэн жилийн туршид Өр барагдуулах байгууллага шиг ажилласан бол энэ онд ч тийм чиг үүрэгтэй ажиллах нь.

Ер нь цаашид Хөгжлийн банк үйл ажиллагаагаа хэрхэн яаж явуулах вэ, зээлдэгч бүр нь луйварчингийн дүртэй болсон энэ банк эрүүл саруул үйл ажиллагаа явуулах боломж бий юу гэдэг асуулт хариулт нэхэж буй.

Татан буугдсан Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг харвал:

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй гэсэн байна.  Иймд Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкийг татан буулгах, Хөгжлийн банкны үйл ажиллагааг нь өнөөдрийн хэлбэрээр үргэлжлүүлэхэд ямар эрсдэл үүсэх талаар холбогдох тооцоо судалгаа хийжээ.

Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2023 оны эхний улирлын байдлаар 3.9 их наяд төгрөг, чанаргүй зээл болон анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөг, хуримтлагдсан алдагдал 455 тэрбум төгрөг байна. Банкны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээрх мөнгөн урсгалын зөрөө 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1.03 их наяд төгрөгт хүрэх, 2025 оны 12 дугаар сар хүртэл дунджаар 950 тэрбум төгрөг байх хүлээлттэй байна. Гадаад бондын эх үүсвэрийн батлан даагч нь Засгийн газар бөгөөд Хөгжлийн банкийг татан буулгасан тохиолдолд дээрх алдагдал улсын төсөвт дарамт учруулах, гадаад валютын улсын нөөцөөс төлөгдөх эрсдэлтэй.

Ийм нөхцөлд Хөгжлийн банкийг татан буулгах нь хамгийн амархан боловч санхүүгийн хувьд өндөр зардалтай эдийн засгийн хувьд үр ашиггүй. Ирээдүйд дахин хөгжлийн хөтөлбөрүүд санхүүжүүлэх институц байгуулах шаардлага үүссэн нөхцөлд бүгдийг шинээр эхлэх шаардлага тулгарна гэж Хянан шалгах түр хороо дүгнэсэн байгаа юм.

Мөн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдалд, сүүлийн хорь гаруй жилд хэт ойртсон зааг ялгаагүй хаалттай, авлигажсан улс төр, бизнес, банк санхүүгийн санхүүжилтийн тогтолцоо тус банкны засаглал, хүний нөөц, шийдвэр гаргалт, гаргалтад гүнзгий нэвтэрсэн, засаглалын хувьд зохистой зарчим хэрэгжээгүй, улс төрийн хууль бус нөлөөллөөс ангид тогтвортой, мэргэжлийн шийдвэр гаргаж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Банкны үндсэн бизнесийн загвар нь тооцоолол, судалгаа шинжилгээнд бүрэн суурилаагүй, орлого олох эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг нөхөх үйл ажиллагааны чиглэл байхгүй, нийт зээлийн санхүүжилтийн дийлэнх нь үндсэн зорилгодоо нийцээгүй, зээлийн зарцуулалт үр дүнд хийх хяналт сул, хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэсэн дүгнэлтийг тус түр хороо хийсэн байна.

Цаашид, Хөгжлийн банкны засаглал, удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, банкны хяналтын “Базелийн хороо”-н зарчмууд зэрэг дотоод хяналт ба эрсдэлийн удирдлагын тогтолцооны бүтэц эрх хэмжээг тусгасан засаглалын зарчмуудад үндэслэн банкны засаглалын бодлого эрсдэлийн бодлогыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллах, гүйцэтгэх удирдлагыг багаар нь сонгон шалгаруулж, гэрээ хийн, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд дурджээ. Мөн олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг тодотгосон байгаа юм.

Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын сүүлээр манай улсад ажиллаад буцсан ОУВС-гийн Ажлын хэсэг дүгнэлтдээ, Хөгжлийн банкийг татан буулгах хувилбарыг тооцох хэрэгтэй талаар бичсэн байсан билээ. Ер нь бол гол шийдэл нь ужгирсан засаглалын асуудлыг шийдвэртэйгээр засахаас бусад тохиолдолд энэ банкны үйл ажиллагаа төсөвт эрсдэлд учруулсаар байх болно гэж дүгнэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(194.32.122.34) 2023 оны 05 сарын 07

Хувийн банкууд нь дээр юм

0  |  0
Top