Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Х.Булгантуяа гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас "Монгол Улсын авлигын үзүүлэлтийг сайжруулахын тулд “Транспэрэнси интернэшнл” байгууллага ямар зөвлөгөө өгсөн вэ" гэж асуулаа.
Х.Нямбаатар сайд, манай улс авлигын төсөөллийн индексээр 2022 онд 180 орноос 116 дугаар байр эзэлж, 33 оноо авсан.
Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилах, олон нийтэд хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалт хийх, нийтийн албанд ажиллаж буй албан хаагчдын хандлагыг өөрчлөх, төрийн худалдан авалтыг ил тод болгох, иргэдийн үндсэн эрхийг хангуулах талд зөвлөгөө өгсөн.
Бид долоо хоног бүр нэг төрийн байгууллагыг сонгон индексийн талаар болон бусад мэдээлэл өгдөг тогтолцоог бүрдүүлж ажиллаж байна гэв.
Сануулахад, Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцсэн.
Түүнчлэн Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Х.Нямбаатар сайдад даалгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )