Азийн Хөгжлийн Банк (АХБ) уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутагт оруулж буй хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон хөтөлбөр болох “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөө танилцууллаа.
Энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан АХБ-ны 56 дах удаагийн Жилийн уулзалтын нээлтийн үеэр АХБ-ны Ерөнхийлөгч Масацүгү Асакава зарласан юм.
Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт бол та бидний амьдралд тохиолдох хамгийн тулгамдсан асуудал бөгөөд Ази, Номхон далайн бүс нутаг нь энэхүү асуудалтай тэмцэх тэргүүн эгнээнд байна. Сүүлийн 12 сарын хугацаанд тохиолдсон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудын давтамж, цар хүрээ цаашид нэмэгдэх нь тодорхой тул та бид яг одоо эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Өнөөдөр танилцуулж буй IF-CAP хөтөлбөр нь бодит нөлөө үзүүлж чадах шинэлэг хөтөлбөр бөгөөд АХБ Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын банкны үүрэг гүйцэтгэж буйн нэгэн жишээ болно” гэсэн юм.
IF-CAP хөтөлбөрийн эхний шатанд Дани, Япон, Швед, Бүгд Найрамдах Солонгос Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон Америкийн Нэгдсэн Улс түншилж, тус хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас улсын секторт олгох зээлийн төсөлд баталгаа гаргах, төслийн бэлэн байдлыг хангахад зориулж төрөл бүрийн буцалтгүй тусламж үзүүлэх чиглэлээр хэлэлцээ хийж байна.
Төсөлд баталгаа гаргаснаар эрсдэл буурах бөгөөд АХБ-наас уур амьсгалын төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр нэмэгдэж, шинэ төслүүдийг хурдасгах юм. “1 ам.доллароор 5 ам.долларын шинэ эх үүсвэр бий болгох” гэсэн загвараар 3 тэрбум ам.долларын баталгаа гаргах эхний зорилтын хүрээнд 15 тэрбум ам.долларын шинэ зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, түүгээрээ Ази, Номхон далайн бүс нутагт нэн шаардлагатай байгаа уур амьсгалын төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болно. Уур амьсгалын төслийг баталгаа болон зээл хосолсон механизмаар санхүүжүүлж байсан тохиолдол өмнө нь олон талт хөгжлийн банкнуудад байгаагүй хэмээн тус банкнаас мэдэгдлээ.
АХБ 2019-2030 онд өөрийн хөрөнгөнөөс нийт 100 тэрбум ам.долларыг уур амьсгалын санхүүжилтэд зориулахаар тооцсоны дагуу ийнхүү төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )