Парламентын одоогийн бүтэц нь авлига, нөлөөллийн эрсдэл өндөртэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.05.08) төрийн зарим байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл танилцуулсан.

Энэ үеэр хэлэхдээ, Тойрог нь нутаг дэвсгэр, хүн амыг зэрэг төлөөлж чадахгүй байгаа нь нууц биш. Өргөн уудам нутагтаа хүн ам нь сийрэг суурьшсан манайх шиг улс олон шалтгаанаар нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчмыг хангаж байх шаардлагатай байдаг. Өргөн уудам нутагтай Австрали Улсад 541 мянган хүн амтай Тасманы аралыг 8.1 сая хүнтэй Нью Саут Уэлс мужтай адил төлөөлөл буюу 12, 12 сенатор төлөөлдөг. Ардчиллын үнэт зүйл бол хүн болгоныг оролцуулах оролцооны, төлөөллийн зарчмыг хангах ёстой. Манайд хүн амын тооноос шалтгаалан Улаанбаатар хотоос илүү олон гишүүн сонгогдох ёстой гэж ярьдаг. Хүн амын тоог шууд харгалзах тохиолдолд энэ нь зөв бөгөөд нэг газраас олон гишүүн сонгогдох хэрээр төсөв, хөгжил тэнд илүү төвлөрөх эрсдэл бий. Тиймээс Увс аймгийн Давст сум, Дорнод аймгийн Халх гол сумын төлөөлөл, үндэсний цөөнхийн хувиар Баян-Өлгий аймгийн төлөөллийг хангах л ёстой. Газар улсын үндэс учраас, геополитикийн орчин нөхцөлөө тооцсон ч нутаг дэвсгэрийн төлөөллийг хангах нь нэн чухал. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, жендер буюу манай тохиолдолд эмэгтэйчүүдийн төлөөллийг л хангах ёстой гэдэг ч үүний хамт ахмад настнууд, малчид гээд бусад олон төрлийн нийгмийн бүлгүүдийн төлөөлөл зэрэгцэн, олон ургалч үзлээр асуудалд хандах нь үр дүнтэй шийдвэрт чухал юм.

Анх буюу 1992 онд ч парламент 122, 102 140 50 гишүүнтэй байх гээд олон хувилбар яригдаж байсныг Улсын Их Хурлын дарга дурдсан. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая, үүнээс 1.1 сая нь сонгуулийн насны иргэд байсан бол өнөөдөр 3.4 сая иргэний 2.2 сая нь сонгуулийн насныхан байна. 2 дахин өссөн, ийм үндэслэлээр төлөөллийн зарчмыг хангах шаардлагаар парламентын бүрэлдэхүүнийг 2 дахин өргөжүүлэх шаардлага үүсээд байна гэж үзсэн юм. Парламентын одоогийн бүтэц нь авлигал, нөлөөллийн эрсдэл өндөртэй. Тогтолцоо, тоог өөрчлөх өөр нэг шалтгаан бол санал гээгддэг асуудал юм.  Ний нуугүй хэлэхэд 2020 оны Улсын Их Хурлын сонгуулиар МАН  сонгуульд оролцсон иргэдийн 45.8 хувийн саналаар парламентын 80 хувийн суудлыг авсан. Үүний цаана сонгуульд оролцсон нийт иргэдийн 55 хувийнх нь санал мажоритар тогтолцооны онцлогоос болж гээгдсэн. Мэдээж ард иргэдтэйгээ нэн ойрхон, холбоотой ажилладаг гэх зэрэг давуу тал бий. Мажоритар тогтолцооны сайн тал ч бий, сул тал ч бий. Авлигал, хээл хахуулиас ангид, үр нөлөөтэй шийдвэр гаргадаг гэж ард нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад дандаа 100-аас дээш гишүүнтэй байгаа гэдгийг хэлж, тоо баримтууд танилцуулав.

Дээрх хүрээнд манай хууль тогтоох дээд байгууллага ихэнх шалгуурыг хангадаг боловч төлөөллийн чадамж болон засаглалын хяналт тэнцлийн шалгуур дээр дутуу дулимаг байдаг гэлээ. Иймд төлөөллийг хангах сонгуулийн тогтолцоог өөрчилж, гүйцэтгэх засаглалын зохистой хяналт тэнцлийг Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх замаар засаж сайжруулахаас өөр арга зам байхгүй хэмээн тайлбарласан. Гишүүдийн тоог нэмэхээр зардал, төсөв нэмэгдэнэ гэж байгаа ч үүнийг нэмэгдүүлэхгүйгээр, одоо байгаа хэмжээнд нь багтаах бүрэн бололцоотой гэдгийг танилцуулгынхаа үеэр Г.Занданшатар дарга тайлбарласан.

Парламент бол олон ургалч үзэлтэй, ард түмэнд хүлээн зөвшөөрөгддөг легитим чанартай байх ёстой учраас сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах буюу нутаг дэвсгэр, хүн ам, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болон жендэрийн төлөөллийг хангах шаардлагын үүднээс парламентын бүрэлдэхүүнийг зайлшгүй өргөжүүлж, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай болж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top