АНУ-ын Бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хорооны төлөөлөлтэй уулзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ирэх сарын 30-наас мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай бэлтгэл ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хороо холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Тухайлбал,  хуульд заасан журмын төслүүдийг боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангахтай холбоотой арга хэмжээг авч ажиллаж буй юм байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ хүрээнд АНУ-ын Бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хорооны Гадаад харилцааны оффисын Техник туслалцаа хариуцсан дарга Кевин Пикколи болон АНУ-ын Элчин сайдын яамны холбогдох төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Хорооны дарга Д.Баярсайхан дээрх ажлуудыг гүйцэтгэхэд энэ чиглэлээр мэргэшсэн гадаад, дотоодын экспертүүдийн туршлага, зөвлөгөө нэн хэрэгцээтэй байгаа бөгөөд энэ чухал цаг үед бидний ажилд дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсад айлчлан ирж, туршлага, мэдлэгээсээ хуваалцаж байгаад талархлаа илэрхийлжээ.

Санхүүгийн зохицуулах хороо болон АНУ-ын Бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хороо нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын гишүүнээр нэгдэн орсон зохицуулагч байгууллагууд бөгөөд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан дүрэм, журмуудыг боловсруулахад арга зүйн туслалцаа авах, цаашид энэ хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top