“Хүүхдийн төлөө сан” хөрөнгөөсөө хүүхдийн ЭРҮҮЛ МЭНДЭД зарцуулж болохгүй юу?

2023 оны 05 сарын 11

-Салхи оруулж болдоггүй журам ч гэж юу байхав. Энэ сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулж болох өөрчлөлтийг журамд оруулж болох шүү дээ.-


Хүнд өвчин туссан хүүхдүүдийн эмчилгээний зардлыг олохын тулд ар гэрийнхэн нь хандив тусламж гуйсан мэдээллүүд сошиалд олонтаа таардаг. Иргэд өөрсдийн боломжоороо гар сунгахын сацуу улс орны эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал тааруу байгааг бас Хүүхдийн төлөө сангаас яагаад эдгээр хүүхдүүдээ харж хандаж болдоггүй юм бэ гэсэн сэтгэгдлийг илэрхийлцгээдэг.

Тэгвэл Shilen.gov.mn сайтад байршсан мэдээллээс харахад, ХНХЯ-д харьяалагддаг "Хүүхдийн төлөө сан"-д мөнгө байхын хувьд байна. 2021-2023 оны хооронд  11 тэрбум 94 сая 316 мянган төгрөг энэ санд  төвлөрснөөс зарцуулалт нь 106 сая 700 мянган төгрөг байгаа юм.

Дээрх орлогыг хандив тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыгдэмжсэн соёл урлаг, спортын арга хэмжээний орлого, бусад гэсэн дөрвөн хэлбэрээр бүрдүүлсэн бол зарлага нь олон улс, тив дэлхийн тэмцээн наадам, олимпиадад  оролцож амжилт гаргасан 45 хүүхдийг шагнаж урамшуулахад зориулагджээ.

Тэгэхээр  Хүүхдийн төлөө сангийн мөнгийг юунд зарцуулахаар зохицуулсан байдаг вэ гэдгийг харъя.

Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 23-нд  “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэлэлцэж, баталжээ.

Хүүхдийн төлөө сангаас хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах, мөн олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан байна.

Журамд заасан мэдээлэлд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1-д заасан хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг  санхүүжүүлэхэд тавигдах болзол шалгуур, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахаас гадна, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах тэмцээн уралдааны жагсаалтыг хавсралтаар баталж, түүнд оролцон амжилт гаргасан хүүхдэд олгох мөнгөн шагналын хэмжээ, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, олимпиад, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэгийг зохицуулж байгаа гэжээ.

Засгийн газраас уг журмыг батлах үедээ “Монгол Улсын нийт хүн амын 37,1 хувийг 0-18 хүртэлх  насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, оролцоог  дэмжих зайлшгүй шаардлага  үүсэж  байгаа бөгөөд  хүүхдүүдийн авьяас чадварыг  нээн  илрүүлж урлаг,  спортоор хичээллүүлж тэднийг улс орондоо төдийгүй  дэлхийд амжилттай өрсөлдөх  чадвартай иргэн болгоход энэхүү журамд  тусгагдсан олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах зардал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын паралимп, дифлимп, тусгай олимпд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээний хураамж, замын зардал,  бэлтгэл хийх заал, байрны түрээс,  шаардлагатай тоног төхөөрөмж,  олон улсад хүчинтэй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамж, хувцас хэрэгсэл зэрэг зардалд дэмжлэг олгохоор зохицуулагдаж буй бодит дэмжлэг болж байгаа юм.  Мөн маш  амжилттай хөгжиж байгаа оюун ухааны спорт, олимпиадаар хичээллэж  амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна. Журам батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин  бүрдлээ” гэж байжээ.

Гэтэл үнэн хэрэгтээ энэ сангийн мэдээлэл хоёр жилийн дараа л сая ил боллоо. Дэмжлэг авсан хүүхдийн тоо, хөрөнгийн  зарцуулалтыг нь  санд төвлөрсөн нийт мөнгөний дүнтэй  харьцуулахаар яах аргагүй чамлалттай дүр зураг харагдаж байна. Салхи оруулж болдоггүй журам ч гэж юу байхав. Энэ сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулж болох өөрчлөлтийг журамд оруулж болох шүү дээ. Төвлөрсөн хөрөнгийг нь ингээд хэдэн жилээр хав дараад, хэдхэн хүүхдийг дэмжсэн болоод явах юм бол Хүүхдийн төлөө  сан гэх  нэрээ өөрчлөх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.183.17) 2023 оны 05 сарын 11

Хүүхдүүд ханиаднаас салахгүй бгаа нь төр засгийн буруу.олон жил агаарын бохирдлын мөнгийг идсэн..Хүүхэд бүү хэл том хүний уушиг хүнд болсон..

0  |  0
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 11

ядахдаа 10 буюу 20 хувийг яагаад хүүхдийн эрүүл мэндэд зарцуулж болохгүй гэж тэгээд үүнийгээ бүр жил өсгөх арга хэмжээ авмаар юмаа

0  |  0
Top