Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан "Тогтвортой хөгжил татварын боловсролын академи" НҮТББ-аас санаачлан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголтакс ТМЗ ХХК, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Таны ирээдүйд татварын боловсрол” уриан дор татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.
МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжилж ирсэн. 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн татварын нийт дүн 4.7 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж, 71.5 мянган хүнийг ажлын байраар хангаж байгааг дуулгахад таатай байна. МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нэгдсэн дуу хоолой болж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хууль боловсруулах үйл явц, улсын төсвийг хэлэлцэх явцад татвар төлөгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, байр сууриа илэрхийлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болно” гэв.
Өдөрлөгийн үеэр Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага”-ын талаар танилцуулав. Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн салбарын татварын бодлого, түгжрэлийг бууруулахад татварын дэмжлэг үзүүлэх чиглэлүүдээр ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, суутган татварын зохицуулалтыг үе шаттай шинэчлэх, биржээр дамжин экспортод гарсан ашигт малтмалд АМНАТ ногдуулах харилцааг нарийвчлан тодорхойлно. Ажилчдаа нийтийн тээврээр зорчих эрх олгосон ААН-д татварын дэмжлэг үзүүлж байна. Мөн цаашид татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана" гэлээ.
“Таны ирээдүйд татварын боловсрол” өдөрлөгийн үеэр татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага, татвар төлөгчдийн хандлага, төлөвшил, тогтвортой хөгжилд татварын боловсролын гүйцэтгэх үүрэг зэрэг татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх олон сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон илтгэл, хэлэлцүүлэг явагдлаа. Мөн татвар төлөх үүргийн хэрэгжилтийг хангахтай холбоотой татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрлөгт хүрэлцэн ирсэн татвар төлөгчдөд зориулан татварын хууль, татварын төлөвлөлт, татварын эрсдэлийг хэрхэн удирдах талаар болон татвар төлөгчдийн сонирхсон асуудлуудад үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээг нэг цэгээс үзүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бүтэхгүйээ дэмжлэг авчаад мурина яасан гаж хэзээч бүтэхгүй юм ярьдаг морь вэ