СЭРГЭЛТ нутагших эсэх нь 5Ш-ийн хэрэгжилтээс хамаарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон төслүүдийг өнгөрсөн жилүүдэд цаасан дээр зурагласан ч хэрэгжээгүйн учиг шалтгаан нь шат шатанд нэвчсэн авлигын тогтолцоотой холбоотойг Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар хүлээн зөвшөөрч улмаар авлигыг халах өргөн цар хүрээ бүхий кампанит ажил эхлүүлснээрээ өмнөх Засгийн газруудаас ялгарч байгаа.

Засгийн газрын зорилт “бай”-гаа онож байна, онохгүй байна гэх зэрэг тал талын байр сууриуд нийгэмд тодорч байгаа ч бодит нөхцөл байдлыг аваад үзэхээр Монгол Улс цаашид хөгжиж дэвжих үү, эсхүл бахь байдгаараа бондын өрнөөс өрийн хооронд сар жилийг аргацаасан янзаараа байх уу гэдэг нь нийгмийг хэрэн торлосон авлигыг огцом бууруулж, боломж хэн хүнд тэгш олддог нөхцөл бүрдэхээс хамаарах юм.

Төр засгийн түвшинд аваад үзэхэд, эрх баригчдын боловсруулсан хөгжлийн төлөвлөгөөнүүд хэрэгжих эсэх нь авлигатай хийж буй тэмцлийн үр дүнтэй шууд холбогдоно. Тухайлбал, 100 гаруй их наяд төгрөгийн зардал шаардлагатай Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь өмнөх олон жилүүдийн замнал шиг шат шатны цавчаанаас ангид байж, ажил хэрэг болох эсэх нь авлигатай хийх тэмцлээс шууд хамаарна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зургаан багц асуудлаа дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс албан ёсоор танилцуулах үедээ, “Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын  гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай... Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ ҮЙЛЧЛЭГЧ байх ёстой” гэж байсан билээ. Түүнчлэн хэлсэн ярьснаа хэрэгжүүлэхээр 5Ш ажиллагааг бодлогын түвшинд тодорхойлж, хэрэгжүүлж эхлээд байна.

Олон улсын байгууллагуудын зүгээс ч Засгийн газрын 5Ш ажиллагааг сайшаасан байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж Ерөнхий сайдтай уулзахдаа, Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлоод цаашид хамтарч ажиллахааа илэрхийлсэн. Авлигатай, ялангуяа уул уурхайн салбарын авлигатай тэмцэхэд олон улсын түвшний хамтын ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар,  энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг тэмцлийн гол зорилт гэсэн юм.

Ер нь бол эдийн засаг, нийгмийн салбаруудын сэргэлт бодитой байх эсэх нь  Засгийн газрын 5Ш ажиллагааны хэрэгжилтээс хамаарах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top