Чанаргүй зээл ₮2.3 их наяд болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 23.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 478.9 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 945.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54.8 хувь нь иргэд, 44.1 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 20.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 411.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 402 .6 тэрбум төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84.5 хувийг эзэлж байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 4 дүгээр сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 389 тэрбум төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 2.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 153.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.7 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top