Эдийн засаг 7.9% буюу 413.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулснаар Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 413.6 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар өсжээ.

Тодруулбал, оны үнээр 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 их наяд төгрөг буюу 42.1 хувиар өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.6 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар өссөн байна.

 

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны эхний улиралд 7.9 хувиар өссөний:

 

  •  -0.2 нэгж хувийг хөдөө аж  ахуйн салбар
  •   5.3 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар
  •  -0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар
  •  3.8 нэгж хувийг үйлчилгээний салбар
  •  -0.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ.

 

Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх  үнээр) оны эхний улиралд 230.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.5 тэрбум төгрөгөөр буурсан нь ДНБ-ий өөрчлөлтөд 0.2 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлжээ.

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний улиралд 831.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 275.6 тэрбум төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд нүүрс болон газрын тосны олборлолт өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) оны эхний улиралд 629.1тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.4 тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 6.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) оны эхний улиралд 3.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 199.0 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд тээврийн салбарын нэмэгдэл өртөг 76.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж статистикчид тайлбарлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top